ХОВД: Найман суманд 2000 гаруй толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-16 14:12:22

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 толгой мал өвөлжиж байна.

Мөн дөрвөн сумын 69 өрхийн 46.1 мянган мал Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан зэрэг аймагт отроор өвөлжиж байна.

Харин тус аймгийн Дарви сумын Баяннурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын оторын бүс болон хилийн зурвас бүс нутагт нийт 1346 өрхийн 720.1 мянган мал өвөлжиж байгаа аж.

Зуншлага тааруу, өвс, тэжээлгүйн улмаас Чандмань, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Цэцэг, Дарви суманд харын зуд болж буй талаар Ховд аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Алтанбадралт мэдээллээ.

Одоогийн байдлаар Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндрэлтэй байна. Үүнээс өнөөдрийн байдлаар хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрч буй 8 суманд нийт 2056 толгой мал хорогджээ.   

Аймгийн Онцгой комиссоос цасанд боогдсон малчдыг цас багатай баг, сум руу нүүлгэж, Их болон Бага улаан даваа, Хавтаг, Байтагийн чиглэлийн зам хаагдсан байсныг шуурхай арга хэмжээ авч нээсэн.

Дээрх мэдээллийг өнөөдөр Ховд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлын үеэр албаныхан танилцууллаа.

Мөн хурлын үйл ажиллагаанд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын баг оролцож,  өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн удирдлагуудын хамт Ховд аймгийн өвөлжилт хүндэрч байгаа Булган, Үенч, Алтай суманд ажилласан талаар ярив.

Дээрх сумдын нутгаар цастай. Тал хээрийн бүсээр цасны зузаан 20-30 см, уулархаг бүсээр 60-70 см орчим зузаан цастай байгаа юм.

Цас их орсон учир айл өрхүүд рүү зам хаагдсан, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй.

Иймээс Засгийн газар болон Улсын Онцгой комиссын зүгээс аймгийн нөөцийн газарт 733 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож, Булган, Үенч суманд шатахуун болон өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлжээ.   

Малчид иргэдийнхээ санаа бодлыг сонсож, айл өрхөд газар дээр нь очиж төрийн үйлчилгээ үзүүлэх нь хамгийн чухал байгааг албаныхан онцоллоо.   

Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын дагуу сумдын аюулгүйн нөөцөд 676 тонн өвс, 320.6 тонн тэжээл бэлтгэн нөөцөлсөн. Харин аймгийн аюулгүйн нөөцөд 244.3 тонн өвс, 272.5 тонн тэжээл бэлтгэсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 687.4 тонн өвс, 565 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.

Аймаг орон нутгаас зудын эрсдлээс урьтаж энэ жил мал, махны борлуулалтыг нэмэгдүүлэх, нөөцийн мах бэлтгэхэд бодлогын хувьд онцгойлон анхаарч ажилласан. Тухайлбал, мах бэлтгэхэд төсвийн зардлын эрсдэлгүйгээр арилжааны банкууд болон мал, мах бэлтгэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран 150 тонн мах бэлтгэж байна. Энэ нь малчдад малаа зарж эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна орон нутагт махны үнэ тогтвортой байхад чухал нөлөө үзүүлэх юм.

Related news