ХОВД: Тэмээний овоо тахих зан үйл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-14 15:47:41

Ховд /МОНЦАМЭ/. Эх нутаг, түүх, ёс заншил, өв уламжлалаа дээдэлдэг Манхан сумынхан түүхт 100 жилийн ойн босгон дээр олон бүтээлч ажлыг өрнүүлж байна.

Энэ удаа тус сумын Зэрэг гол багийн нутагт төрж өссөн хөдөлмөрч хичээнгүй ард иргэд, тэдэнтэй ажил үйлс сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг хүмүүс нэгдэн (өвлийн дунд сарын 60 хоногийн өнгийг тодорхойлох цагаан морин өдөр)  Тэмээний баяр зохион байгууллаа.   

Энэхүү үйл ажиллагаа нь тэмээгээр нүүдэллэх ёс заншлаар эхэлсэн юм.

Зэрэг гол багийн гурван малчин өрх Тооройн элс хэмээх газраар нүүдэл хийсэн бөгөөд арагт хүүхдээ суулгаад, ачаатай тэмээ хөтлөн яваа малчдыг харсан ойролцоох нутгийн малчид домботой цай, тавагтай идээгээ барьсаар нүүдэл тослоо.    
                                                               

ТООРОЙН ЭЛС 

Ховд аймгийн Манхан сумын нутагт уртаараа 10 орчим километр, өргөнөөрөө 3-5 километр газар үргэлжилсэн товгор, товгор элс өртөөлөн оршдог. Үүнийг нутгийн иргэд  Тооройн элс гэж нэрлэсэн бөгөөд  үүнтэй холбоотой захчин дуу бий.  

Элсний захаар харгана, тэсгэнэ, хармаг, шаваг, сулхир болон эмийн ховор ургамал ургана. Манхан, Зэрэг, Чандмань сумын тэмээ малладаг айлууд голдуу энэ газарт нутагладаг. 



Монгол нутгийн хаагуур ч явсан тахилгын овоо дайралдана. Овоо тахилга бол монгол туургатны хамгийн түгээмэл зан үйлийн нэг юм. Уул хадтай газар чулуугаар, чулуу багатай газар элс шороогоор, модтой газар модоор овоо босгоод тахидаг уламжлалтай.  Энэхүү уламжлалт зан үйл, өв соёлоо сурталчлах, тэр дундаа тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх  зорилгоор  Тэмээний овоо тахих зан үйлийн ёслол зохион байгууллаа. 

  

Манхан сумын малчид эрт үеэс зүг бүрээс тэмээгээ хураан, Зэрэг гол багийн нутаг, Тооройн элсний ойролцоох чулуун овоог тойрон цуглаж,  тэмээний тухай ерөөл магтаал хэлэлцэн, нутаг ус, овооны их сан, малын сан тавьж, ном хурсаар иржээ.  
    

Энэ жилийн тухайд овооны урд талд гал асааж, сумын соёлын төвийн ажилтан, ахмад тэмээчид алтай магтаал, тэмээний ерөөл зэргийг хэлж, морин хуурын аялгуу эгшиглүүлсэн бөгөөд тус сумын хамба лам ном айлдах явцад малчид тэмээгээ хөтлөн овоог тойров. Мөн 5-6 буур овоонд шавуулж ариулах, тойруулах гэх мэт зан үйлийн шинжтэй үйл ажиллагаа боллоо. 
   

Үүнээс гадна малчдын дунд эр зориг, бахархлын илэрхийлэл болсон “Тэмээ сургах, эмнэг тэмээ булгиулах” тэмцээнийг зохион байгуулж,  эмнэг тэмээг уналга ачлагад сургасан нэр бүхий шилдэг малчдыг шалгарууллаа.   
       

Мөн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрээр маллахад гойд зохицсон, тарга хүч, ашиг шим сайтай шилмэл ат, шилмэл ингэ, шилмэл буур шалгаруулсан юм. 

Манхан сум бол Ховд аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулдаг (3000 гаруй тэмээтэй) сумдын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлт, нутгийн онцлогоос шалтгаалан Манхан сумын малчид тэмээн сүргийг түлхүү өсгөн үржүүлж иржээ. Улмаар тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээн зэргийг жил бүр зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ  Манхан сумын малчид нэгдэн “Их уулсын хүрэн” тэмээчдийн холбоог байгуулж, тэмээг уналга эдэлгээнд зөв сургах, эрт дээр үеэс хэрэглэж ирсэн тэмээний тоног хэрэглэлийг бүрэн хэрэглэж хэвшүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттай өрнүүлж байгаа талаар иргэд ярьж байна. 

Related news