Үндсэн хууль ба суурь зарчим

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-01-13 13:32:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эрх мэдлийн төвлөрлийг задлах, харилцан хяналтын хөшүүргийг бий болгож тэнцвэржүүлэх үндсэн чиглэл бүхий Үндсэн хууль нь хүний эрхийг хамгаалах улс, төр эрх зүйн гол хэрэгсэл гэдгээрээ онцлогтой. Энэ утгаараа “Нийгмийн зөвшилцлийн дээд гэрээ” хэмээгддэг.


Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталсан бөгөөд Хэмжээт Эрхт Хаант засаглалын үед хэлэлцсэнээрээ онцлогтой юм. Тодруулбал, тус онд Хэмжээт Эрхт Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан Улсын Бага Хурлыг байгуулсан түүхтэй. Энэ хуулиар БНМАУ-ын байгалийн баялаг нь “Ардын өмч” гэдгийг тодотгож, феодалын нийгмийг халах шинэ цагийн харилцаа руу шилжих шилжилтийн эхлэлийг хийсэн гэдгээрээ анхдугаар Үндсэн хуулийн гол цөм нь оршдог.


Анхдугаар Үндсэн хуулинд улсын эрхийг Их хурал мэднэ хэмээн тунхагласан байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын эрхийг барих субъект нь Их Хурал бөгөөд завсар эрхийг Бага Хурлаар шийдүүлэх, үүний дараагийн эрх мэдлийг Бага Хурлын тэргүүлэгчид болон Засгийн газрын гишүүд мэдэх болно гэсэн зүйл, заалтыг оруулсан. Энэ үед атар газар эзэмших, орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, үйлдвэр барихаас эхлээд хүн ам нь бичиг үсэг сурах, боловсон эмнэлгээр үйлчлүүлэх зэргээр эрс өөрчлөгдөж эхэлсэн гэж хэлж болно.


Үүний дараа 1940 оны зургаадугаар дугаар сарын 30-нд хоёр дахь Үндсэн Хуулийг шинэчлэн баталж байж. Хоёр дахь Үндсэн хуулийг тухайн үед “Чойбалсангийн хууль” хэмээн нэрлэж байсан гэдэг. Уг хуулиар албан хаагчдын өдрийн ажлын цагийг найм болгож, иргэд үнэ төлбөргүй сурах, тэтгэвэр тэтгэмж авах, эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж өгснөөрөө ач холбогдолтой юм. Мөн тухайн хуульд оршин суух газраа шилэн сонгох эрхийг нээж өгч байжээ.


Харин Үндсэн хуулийн гурав дахь шинэчлэлийг 1960 оны долоодугаар сарын 6-нд баталсан байна. Тус хуулийн шинэчлэл нь хөдөө аж ахуйгаас аж үйлдвэржих хувьсгалыг эрчимжүүлж, хот байгуулалтыг эхлүүлсэн гэдгийг түүхчид хэлдэг.


Ийнхүү 20 орчим жилийн давтамжаар шинэчлэгдэж ирсэн Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ард түмний санал асуулгаар буюу 900 мянган хүний саналаар дөрөв дэх Үндсэн хууль болон батлагджээ.


Дөрөв дэх буюу шинэ ардчилсан Үндсэн хуулиар Ардчилсан Монгол Улсыг тунхаглаж, парламентын засаглалыг бий болгон, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрхийн асуудлыг хуульчилсан нь нийгэмд шинэ үеийг эхлүүлсэн юм. Улмаар эрх мэдлийн хуваарилалт, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, сонгууль зэрэг зүйлсийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон.


Тухайн үеийн Үндсэн хуулийг агуулга, ач холбогдлын хувьд Монголын ард түмний оюун ухаанаар "Хуульчлан буулгасан шинэ цагийн Монгол Улс мөн" хэмээн тодорхойлсон гэдгийг олон судлаач хүлээн зөвшөөрдөг. 1992 оны Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг ганцхан УИХ-д хадгална” хэмээн тусгасан. Улмаар дөрөв дэх Үндсэн хууль ямар нэгэн улс төрийн нам, зүтгэлтний хүслээр өөрчлөлт хийгдээгүй, гагцхүү ард түмний шийдлээр төрөн гарсан гэдгийг олон нийт тодотгодог. Ардчилсан Үндсэн хуулийг батлахын өмнө Монгол Улс нь  улс төрийн олон намын төлөөлөлтэй анхны ардчилсан чөлөөт сонгуулийг зохион байгуулснаараа онцлогтой. Уг сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулийг нийт 75 хоног хэлэлцэж баталжээ. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн Хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны УИХ хүлээжээ. Ийнхүү дөрөв дэх Үндсэн хууль төрж, маш олон асуудлыг шийдэж өгсөн нь эдүгээ суурь үндсэн зарчмыг алдагдуулахгүйгээр явж иржээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль үндсэн үүргээ биелүүлж чадсан хэмээн олон судлаач бататгаж байна.


Харин 1999, 2000 онуудад орсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэдийн оролцоог хангаагүй, төрийн үйл ажиллагааны зарчимд нийцээгүй хэмээн шүүмжилдэг. Тухайн цаг үед “Дордуулсан долоон өөрчлөлт” гэсэн нэр томьёо хүртэл гарч байв. 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн байгуулалтыг бэхжүүлж, засаглалын хуваарилалтыг тодорхой болгосон гэж үздэг.  Шүүх засаглалын үнэлэмж нэмэгдэн, нутгийн өөрөө удирдах ёс төлөвшихөд ихээхэн ахиц гарсан хэмээн тухайн үед хууль батлагсад онцолж байв. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт төрийн өндөрлөгүүдийн эрх мэдлийн тэнцвэрт бус байдлыг багасган, улс орны өөрийгөө залах чадварыг сайжруулах зорилгыг агуулсан гэдгийг тухайн үед онцолж байсан. Гэвч энэ нь эдүгээ бодит өөрчлөлт болж чадсангүй гэдэг шүүмжийг нийгэмд дагуулж байгаа. Төрийн өндөрлөгүүдийн эрх мэдлийн зөрчил, тэнцвэрт бус хоёрдмол байдал хэвээр байна гэдгийг судлаачид онцолж буй юм. Угтаа Үндсэн хууль нь төр, нийгмийн хөрс буюу бодлогын удирдамж гэж хэлж болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Долоо хэмжиж нэг огтолно” гэгчээр маш болгоомжтой хандах ёстой. Үнэндээ Монгол Улсын эцэг хуульд өөрчлөлт оруулна гэдэг бол нийгэмд хийх өөрчлөлт гэдгийг санах учиртай.


Гадны ихэнх орнуудын хувьд Үндсэн хуулиа 20-30 жилийн давтамжаар өөрчилдөг бол зарим улс жилд нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулах нь ч бий. Ардчилсан Үндсэн хуулийн загвар болох АНУ-ын хувьд Үндсэн хуулиа батлаад 4 жилийн дараа өөрчлөлт оруулж байсан түүхтэй. Харин Монгол Улсын хувьд 20 гаруй жилийн давтамжтайгаар Үндсэн хуулиа өөрчилж ирсэн байдаг. Тэр утгаараа Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсон гэдгийг олон нийт хэлж буй юм. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан, энэ хугацааны ололт амжилт, алдаа дутагдалтай холбоотой бөгөөд ирэх шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг” хэмээн тодотгосон. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндэсний зөвшлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” УИХ-ын тогтоолыг баталсан. Өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж шинэ ирээдүйг зорьсон шинэ нүүдэл хийх цаг нэгэнт болжээ” гэв.


Харин Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийг боловсруулсан Гавьяат хуульч Б.Чимид агсан Үндсэн хуулийн тухай “Үндсэн хууль бол замын хөдөлгөөний дүрэм шиг явах, зогсохыг журамласан хууль биш юм. Парламентын засаглалтай ардчилсан улсыг хуулиар удирдана, хуулийг парламент батлах учир улс төрийн янз бүрийн програм биш ганцхан хууль л улсыг авч явна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бол байгааг тодруулдаг болохоос, байхгүй зүйлийг нэмдэггүй. УИХ-ын гишүүд жам ёсны хууль батлах ёстой. Кноп дарахын өмнө энэ хууль үнэхээр иргэн хүний өнөө болон алс ирээдүйн амьдралын ашиг тусыг тусгаж чадаж уу, үгүй юу гэдгийг бодолцох ёстой” гэж хэлж байжээ. Мөн тэрээр “Үндсэн хуулиараа их оролдвол ардчиллын зарчмаасаа ухарч дээр нь барьж байгаа хэврэгхэн барилгууд нурна” хэмээн онцолсон удаатай.


Хүний эрхийг хангах агуулга бүхий Үндсэн хууль нь ардчилсан тогтолцоог бэхжүүлж, улмаар бүхий л цаг үед үүргээ гүйцэтгэж иржээ гэдгийг дээрх баримтаас дүгнэж болохоор байна. Одоогийн мөрдөж буй хуулиар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд парламентын гишүүдийн дөрөвний гурвынх нь дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулиндаа монголчууд жижиг засвар хийснээр тодорхой ахиц гарахгүй, томоохон өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн байр суурь нийгэмд үүсээд байгаа. Тодруулбал, сонгодог парламентыг төлөвшүүлэх, хүний эрх, хариуцлагын тогтолцоо, шударга ёсыг хангах, төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай Монгол Улс тулгарав. Авлига хээл хахууль, гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал, давхар дээлийн асуудал, намуудын нөхцөл байдал, шүүх засаглалын хараат бус байдлыг бодитоор хангах гээд нэмэлт өөрчлөлтөөр тодорхой болгон өөрчлөх дорвитой сайжруулалт үгүйлэгдэж буйд нийгэм тэр чигээрээ төвлөрч байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүүтэй сэтгэлгээний өөрчлөлт хийх хувьсгалыг өрнүүлэх нь чухал гэдгийг олон нийт хэлж буй юм.

Related news