ЗАВХАН: Гадаад харилцаагаа өргөжүүлэх ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-10 18:01:15

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймаг гадаад харилцаагаа өргөжүүлж, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах ажлыг эхлүүлээд байна.


Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард тус аймагт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Нэйл Сандерсон, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Спенсер Хэйнс нар айлчилж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Австрали улстай хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов. 



ОХУ-тай хилийн худалдааг өргөжүүлэх олон талын ажлыг эхлүүлнэ


Завхан аймаг ОХУ-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тусгагдсан ажлууд энэ оноос эхлэн албажиж эхэлнэ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Завхан аймагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.В. Соленков, Хоёрдугаар нарийн бичгийн дарга А.С.Акулова нар айлчилж, хил орчмын бүс нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, боловсролын салбарт хамтран ажиллахаар болсон. Мөн Арц суурийн боомтоор шатахуун оруулах асуудлыг хэлэлцсэн.

Санамж бичгийн хүрээнд, есдүгээр сард Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын баг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсад албан айлчлал хийгээд ирсэн. Энэ уулзалт Тува улсын нийслэл Кызыль хотноо болж, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Засгийн газрын тэргүүн Ховалыг Владислав Товарищтайович нар бусад албан хаагчдын хамт оролцсон. Цаг үеийн тулгамдсан асуудлууд болох өвөлжилтийн бэлтгэл ажил, малын өвс тэжээл, хилийн бүс нутгуудын худалдаа эдийн засаг, боловсрол-хүмүүнлэг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, байгаль хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн.  


Тухайлбал, эдийн засгийн хувьд хил орчмын бүс нутгуудын үзэсгэлэн яармаг худалдааг эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх, бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Бензин, дизель түлш, барилгын материал, мод, модон эдлэл нийлүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бараа зэргийг хилээр нэвтрүүлэхээр болсон.


Мөн боловсрол, соёл урлагийн салбарт тус аймгийн Хөгжим бүжгийн коллеж, Политехник коллежтой хамтран багш, оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шатлал ахиулан суралцуулах. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд Завхан аймгийн оюутнуудыг хамруулахаар болсон юм.


Түүнчлэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт, Завхан аймгийн болон Тува улсын байгалийн үзэсгэлэнт газруудын аяллын маршрутыг гаргаж, аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр болсон. Аялал жуулчлалын хөтөлбөрүүд энэ онд хэрэгжинэ.


Онцгой байдлын салбарт хил орчмын ой хээрийн түймэр болон зуд, гамшиг ослын үед Тува улсын зүгээс автомашин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх. Мал аж, ахуйн салбарт малын өвс тэжээл, вакциныг Тува улсын зүгээс хямд үнээр нийлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, цаашид хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн. ОХУ-тай Завхан аймаг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд албажсан үйл ажиллагаанууд, энэ оноос эхлэн ажил хэрэг болох юм.


Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Завхан аймгийн Тэс сумын Арц суурийн боомтоос Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлд тавих 1255 км төмөр замын төсөл хэрэгжихээр болсон. Арц суурийн боомт болон Цагаан толгойн боомтын зэрэглэлийг дээшлүүлж, олон талт харилцааг хөгжүүлэх боломжтой болох аж.


  БНСУ-ын Канвон мужтай техник технологийн чиглэлээр хамтран ажиллана


Завхан аймаг БНСУ-ын Канвон мужийн Каннын хоттой энэ онд хамтран ажиллана.

Өнгөрсөн 10 дугаар сард БНСУ-ын Канвон мужийн Каннын хотын Иргэдийн Хурлын дарга Ким Ки Ёонг Завхан аймагт айлчилж, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Түүнчлэн Завхан аймгийн зүгээс эдийн засаг, эрүүл мэнд, техник технологи, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр салбар бүрээс мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж дадлагажуулахаар болсон. Мөн оюутан, залуучуудыг суралцуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг уламжилсан бөгөөд Каннын хотын төлөөлөгчид энэ чиглэлээр 2023 онд хамтран ажиллах боломжтой гэж илэрхийлсэн.

БНСУ-ын Канвон мужийн Каннын хоттой хамтран ажиллах үйл ажиллагаанууд энэ онд хэрэгжиж эхэлнэ. Өнгөрсөн 2022 онд Завхан аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах. Ялангуяа хөрш зэргэлдээ орны хотуудтай бүх салбарт харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эхлэлийг тавьсан үр дүнтэй уулзалтуудыг зохион байгууллаа.

Энэ онд дээрх хамтын ажиллагааны санамж бичгүүдэд тусгагдсан үйл ажиллагаануудыг эхлүүлнэ гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул мэдээлэв. 

Related news