ХӨВСГӨЛ: Ш.Гэлэнхүү 170 метр өндөр хадан хясаан дээрээс нисэж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-10 15:49:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хайнзангийн Гэлэнхүү Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1878 онд төржээ. Багадаа нутгийнхаа хүрээ хийдэд хэдэн жил шавилан сууж, ном үзэж байгаад хөдөө гарч мал маллан, ан гөрөө хийж, элдвийн юм оролдон хийх дуртай байжээ.

Ш.Гэлэнхүү гарын дүйтэй их уран, хийх зүйлийнхээ санааг өөрөө гаргаж хийдэг нэгэн байжээ. Тэрээр 1932 онд лам нарын зэвсэгт бослого гарах үед анх нисэх онгоц харж, түүнээс хойш сармай иллэг цуглуулан, бүргэд агнан далавчийг нь дэлгэн хатааж түүнийгээ агуйд нуудаг байжээ.


Шувууны жигүүр олж ирэн өд бүрээр нь салгаж дахин эвлүүлж янзалсныг түүний эхнэр Норов, найз Цэрэн нараас нь өөр хэн ч мэдээгүй гэдэг. Ш.Гэлэнхүү нэг өдөр Жаргалант сумын Дүнтэрийн цохионы дэргэд охиноороо хонь хураалган хиймэл жигүүрээ дэлгээд хоёр гараа өргөн ухасхийхэд хүйтэн сэрүүн агаарт аажуухан хөөрөх шиг болжээ. Гараа алдлан хиймэл далавчаараа дэвсээр бөөгнөрч хурсан хонин дунд эсэн мэнд бууж байжээ.


Түүний  Дүнтэрийн цохионы оройгоос ниссэн тухай үлгэр домог шиг яриа удалгүй ам дамжин түгсэн гэдэг.


Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хамт олон монгол хүн агаарт нисэхийг хүсэж мөрөөдөж байсны бэлгэ тэмдэг болгон Х.Гэлэнхүүгийн хөшөөг 2006 онд бүтээж, нисэх буудлынхаа урд босгосон байна.

 

 

Related news