Томуу, томуу төст өвчин өнгөрсөн долоо хоногийнхоос 3 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-10 11:32:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Амбулаториор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа  өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр хэлэхдээ, “Нэгдүгээр сарын 9-ний байдлаар, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол улсын хэмжээнд сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог дэгдэлт буюу улбар шар түвшинд байна. Өвчлөл үүсгэж, давамгайлан илэрч байгаа вирус бол томуугийн В хүрээний вирус байна. Түүнчлэн А H1N1, томуугийн А хүрээний вирус давамгайлан эргэлдэж, энэ удаагийн томуугийн дэгдэлтийн голлох шалтгаан болж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм” гэв.


Түүнчлэн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа аж.

ХӨСҮТ-д 211 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдний эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах нус гоожих, ханайлгах, амьсгаадах зовуурь түгээмэл байна.


Өнгөрсөн 10 дугаар сард эхэлсэн томуугийн дархлаажуулалт Улаанбаатар хотод 78, орон нутагт 87, улсын хэмжээнд 82 хувьд хүрчээ. 

Related news