ЗАВХАН: Банкуудад иргэдийн 138 тэрбум төгрөгийн хадгаламж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-29 17:24:16

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг дахь арилжааны банкуудад 65.5 мянган иргэний 138 тэрбум төгрөг байна.

Монгол банкны мэдээгээр нийт харилцахын үлдэгдэл 40 тэрбум 45.9 сая төгрөг, үүнээс иргэдийн харилцахын үлдэгдэл 29 тэрбум 785.3 байна. Иргэдийн мөнгөн хадгаламжид 65.5 мянган иргэний 138.0 тэрбум төгрөг байна. Аймгийн дүнгээр нийт олгосон зээлээс 213.0 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.7 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 1.0 хувийг тус тус эзэлж байна.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр банкууд хүсэлт гаргасан харилцагч, зээлдэгчдийнхээ зээлийн хүүгийн хугацааг хойшлуулах үйл ажиллагааг явуулснаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд очих дарамт багасаж, зээлийн эргэн төлөлтийн хувь нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлжээ.

Завхан аймагт Монголбанк, ХААН, Хас, Төрийн банкны салбар нийт 57 нэгжид 282 ажилтан ажиллаж байна. Эдгээр банкуудаар дамжуулан 115.628 харилцах данс эзэмшигч байна. Харин аймгийн хэмжээнд 27 АТМ, ПОС, ПОБ-ын төхөөрөмж 740 байдаг бол, 67831 банкны карт эзэмшигч байна. Цахим үйлчилгээ буюу SMS банкны хэрэглэгч 7700 гаруй, мобайл банк хэрэглэгчийн тоо 17 мянга орчим, интернэт банкийг 21700 гаруй хэрэглэгч хэрэглэж байна.

Харин аймгийн хэмжээнд банкуудад 65 гаруй мянган хадгаламж эзэмшигч, 65.525 хадгаламжийн данс байна. Нийт хадгаламжийн 87 хувь буюу 120 тэрбум нь хугацаатай, 17.9 тэрбум нь хугацаагүй хадгаламж байна гэж Монголбанкнаас мэдээлэв.  

 

Related news