ЗАВХАН: Боловсролын салбарын шинэ барилгууд ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-29 17:20:30

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт шинэ барилгууд ашиглалтад орлоо.

Шинэ оны босгон дээр аймгийн Насан туршийн боловсролын төв, Жавхлант цогцолбор сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, Улиастай сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгуудыг улсын комисс хүлээн авч нээлт хийлээ. Завхан аймгийн Насан туршийн боловсролын төвийн барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэй “Сизу” ХХК барьж ашиглалтад орууллаа.

Насан туршийн боловсролын барилга ашиглалтад орсноор аймгийн иргэд нас, хүйс, нийгмийн гарал, ажил, мэргэжлээс үл шалтгаалан өөрийнхөө хэрэгцээ боломжид нийцүүлэн суралцах боломжтой боллоо. Мөн орон зай, цаг хугацаанаас хамааралгүйгээр боловсрол эзэмших боломжийг адил тэгш олгох, иргэдийн тасралтгүй боловсрол эзэмших таатай орчныг бүрдүүлээд буй юм. Тус төвд 19 нэр төрлийн 30,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлээд байна.

Харин Улиастай сумын ерөнхий боловсролын Жавхлант Цогцолбор сургуулийн дотуур байрыг улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн өртгөөр “Аз өрнөх” ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн. 100 хүүхдийн дотуур байрны барилга ашиглалтад орсноор тус сургуулийн ахлах ангид сумдаас шилжин суралцаж байгаа. Гадуур айлд байдаг болон айлын хашаанд гэр барьж, бие даан амьдардаг суралцагчид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, суралцах, хөгжих боломжоор хангагдаж байна.

Мөн Улиастай сумын Чигэстэй багийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн өртгөөр “Арь Констракшн” ХХК барьж ашиглалтад орууллаа. Энэхүү барилга ашиглалтад орсноор Чигэстэй багийн хүүхдүүд стандартын шаардлага хангасан орчинд сурч, хүмүүжих боломжоор хангагдаж, цэцэрлэгийн хамран сургалт нэмэгдэх боломжтой боллоо гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв. 







Related news