ЗАВХАН: Хүмүүнлэгийн үйлсэд хүн бүрийн хичээл зүтгэл чухал байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-26 15:52:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Улаан загалмайн хороо хандивлагч байгууллагуудаас 318 сая төгрөгийн эд материалын болон нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийг иргэдэд өгчээ. Тэгвэл тус хороо энэ онд аймгийн хэмжээнд ямар үйл ажиллагааг явуулж, ямар үр дүнд хүрсэн талаар дэлгэрүүлж, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Энхбаатараас тодрууллаа.

-Улаан загалмайн хороо энэ жил багагүй хөрөнгө оруулалтыг Завхан аймагт хийжээ?

-Сүүлийн гурван жилд Завхан аймагт улаан загалмайн хорооноос үзүүлэх тусламж дэмжлэг нэмэгдсэн. Тухайлбал, бид сүүлийн гурван жилд Олон улсын Улаан загалмайн хороо, Улаан загалмайн салбар нийгэмлэг хороо, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад хандивлагч байгууллагуудаас нийт 318 сая 22 мянган төгрөгийн эд материалын, нийгэм сэтгэл зүйн болон бэлэн мөнгө, бусад зүйлийн дэмжлэгийг авчээ.

Бид 2021 онд зургаан удаагийн хүмүүнлэгийн тусламжийг 15 сумын 510 өрхийн 2856 иргэнд 139.222.300 сая төгрөгийн эд материалын болон нийгэм сэтгэл зүйн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Тэгвэл 2022 оны хагас жилийн байдлаар ОУУЗ, УХСНХолбоо, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас 96 сая төгрөгийн төсөл хөтөлбөр, хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг 15 сум, 126 байгууллага 1633 хүнд хүргээд байна.

Тодруулж хэлбэл, энэ жил гэхэд сүрьеэгийн хяналтад байгаа 50 иргэнд нийт 11.688.150 сая төгрөгийн үнэ бүхий 3 сарын хүнсний багцыг олголоо. Мөн ган, үерийн улмаас орлого нь зогссон зорилтот бүлгийн 50 өрхөд 18.5 сая төгрөгийн, нэг өрхөд 370.000 мянган төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэгийг ХААН банкны дансаар нь дамжуулан олгосон байна.

Мөн ковидын цар тахал болон томуу томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, дотуур байранд 56 ширхэг, 12.2 сая төгрөгийн үнэ бүхийг кварцын гэрлийг олгоод байна.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Америкийн нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламжийн товчоотой хамтран “Орон нутгийн гамшгийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах хүчин чадлыг бэхжүүлэх“ төслийг аймгийн 9 суманд хэрэгжүүлэхээр болоод байгаа. Энэ төслийн хүрээнд сумдад гамшигтай тэмцэх багийг бүрдүүлж, чадавхжуулах сургалтад хамруулаад байна. Түдэвтэй, Идэр, Шилүүстэй сумаас тус бүр 15 хүнийг сургалтад хамруулж төслийг амжилттай эхлүүлсэн байна.

Ингээд дээрх зорилтот сумдад гал гарсан үед шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг  авч өгөхөөр төлөвлөөд байна. Энэ төслийн хүрээнд  мөн гурван суманд “Малчдын бичил бизнесийг дэмжих”, гурван суманд өвөлжөө, хаваржаа барих буюу засварлах гэсэн чиглэлээр, нийт  9  суманд  төсөл хэрэгжиж 2023 он хүртэл үргэлжилж иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэхэд  дэмжлэг үзүүлж чадавхжуулах юм.

-Улаан загалмайн хорооны хамгийн гол хөдөлгөгч хүч нь сайн дурынхан байдаг гэж та хэлж байсан. Тэгвэл энэ жил сайн дурынхны ололт амжилт, тус их байв уу?

-Бидний хамгийн гол хөдөлгөгч хүч бол сайн дурын идэвхтнүүд. Өсвөрийн улаан загалмайч хүүхдүүд байдаг.  Тэдний хүчийг үнэлж баршгүй юм. Бид хэдийгээр цөөн орон тоотой ажиллаж байгаа ч бидний ард ямар ч үед өөрсдийн үнэт цаг заваа зарцуулж, бидний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байдаг сайн дурын идэвхтэн, өсвөрийн улаан загалмайн хүүхдүүд байдагт үргэлж талархдаг.

Өнөөдрийн байдлаар  Завхан аймаг дахь Улаан загалмайн хороонд, 89 сайн дурын идэвхтэн, 250 гаруй өсвөрийн улаан загалмайч хүүхдүүд бүртгэлтэй байна. Тэд маань бидний үйл ажиллагаанд хүч нэмэн оролцож байна. Өнгөрсөн долоо хоногт бид, өсвөрийн улаан загалмайч хүүхдүүдийнхээ чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд 120 гаруй хүүхэд оролцож, тэргүүн, нарийн бичгийн даргаа сонгож, 2023 онд хийх ажлын төлөвлөөгөө, 2022 онд хийсэн ажлынхаа тайлан мэдээллийг хүүхдүүд маань хэлэлцлээ.

Манай байгууллага зөвхөн байгууллагынхаа дэргэд өсвөрийн улаан загалмайч төлөөлөл хүүхдүүдийг ажиллуулж байсан бол хүүхдүүдийн тоо энэ жил нэмэгдсэнээр сургууль бүр дээр, хоёроос гурван өсвөрийн улаан загалмайч бүлгэмтэй болж сургуулиудын бүлгийн ахлагч, нарийн бичгийн дарга нар байгууллагын дэргэд байж тэдгээрээр дамжуулж сургуулиуд руу үйл ажиллагааг чиглүүлэн явуулж байна. Бид МУЗН-ийн хүүхэд, залуучуудын бодлоготой уялдуулж аймгийнхаа хэмжээнд үйл ажиллагааг явуулах бодлого дүрмийг хүүхдүүд өөрсдөө боловсруулж, батлан нэлээд ажил хэрэгч чуулга уулзалт боллоо. 

-Энэ жилийн хамгийн гол зорилтот үйл ажиллагаа юу байв?

-Завхан аймгийн Улаан загалмайн хороо нь жил эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх, гамшгийн гэсэн хоёр сайн дурын идэвхтний бүлгэмтэй. Эдгээр бүлгэмүүд энэ жил гол зорилтот үйл ажиллагаагаа гүйцэтгэл сайтай явуулсан. Иргэдэд гэнэтийн осол аваар, улирлын томуу томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, гамшигт үзэгдлийн үед өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах аргыг нь зааж өгсөн.

Мөн ямар нэгэн гамшигт үзэгдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хэрхэн хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн  сургалт сурталчилгааны ажлыг нас насны үечлэлтэй явуулсан нь ч үр дүнтэй болсон байгаа. Энэ оны бас нэг гол зорилтот үйл ажиллагаа бол нийгэм сэтгэл зүйн дэмжлэг юм. Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх 15 хүнтэй сайн дурын идэвхтнүүдийн баг шинээр байгуулсан.

НҮБ-ын Хүүхдийн сангаас ковидоор өвчилсөн 100 хүүхэд, тэдний ар гэрээр дамжуулж нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. НҮБ-ын Хүүхдийн сангаас төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл газар дээр нь ирж, төслийн үр дүнтэй танилцан, бид хийсэн ажлаа тайлагнан, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдөөс өндөр үнэлгээ авч тус багаас цаашид бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд аймагтаа нийгэм сэтгэл зүйн чиглэлийн ажлыг зохион явуулах чадамжтай болсныг НҮБ үнэлж, бидний тайланг жишиг болгоод байна. 

Энэ жилийн бас нэг онцлог зүйл гэвэл, МУЗН-ийн ЕНБДГ-аас Хүүхэд залуучуудын хөтөлбөр, сайн дурын идэвхтнүүдийг дэмжих бодлогуудаа шинэчилсэн. Энэхүү бодлого боловсруулалтад манай аймгаас 13 хүүхэд, таван сайн дурын идэвхтнүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо чуулга уулзалтад аймгаас салбар бүрийн төлөөлөл таван эмэгтэй оролцоод ирлээ.

-Гамшгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан уу?

-Тэгэлгүй яахав. Бидний зорилго бас үүрэг нь, хүмүүнлэгийн салбарт төрдөө нэмэлт хүч болж, гамшгаас хамгаалах, эрүүл мэндийг дэмжих, эмзэг бүлгийн амьжиргааг сайжруулах, анхны тусламж үзүүлэх. Сургалт сурталчилгаа явуулах, хөрөнгө босгож хүмүүнлэгийн тусламжийг зорилтот бүлэгт түгээх юм.


Энэ үүрэг зорилгынхоо хүрээнд, гамшгийн хөтөлбөрийн хүрээнд, аймгийн төв Улиастайгаас гадна анхан шатны хороодод гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулсан. МУЗН-ийн уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газартай хамтран, Улаанбаатар хотод сургалтыг зохион явуулж, Тосонцэнгэл, Идэр, Түдэвтэй, Шилүүстэй, Цагаанхайрхан, Завханмандал гэсэн зургаан суманд сургагч багш нарыг бэлтгэн тэднээр дамжуулж нийт 90 сайн дурын идэвхтэн тухайн сумдад бэлтгэн чадавхжуулаад байгаа. Эдгээр сумдад гамшгийн үед ажиллах багийг байгууллаа. Ингэснээр тэд сум орон нутагтаа гамшгийн үед ажиллах чадвартай болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, зам сайжрахын хэрээр гэнэтийн аюул аваар осол их гарахаас гадна  ажлын байран дээрх  эрүүл мэндийн анхны тусламж авч чадаагүйн улмаас амь насаа харамсалтайгаар алдсан хүний тоо нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагуудаас онцлон анхааруулж байна. Тиймээс дээрх бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нөлөөллийн ажлуудыг зохион явуулах шаардлагатай байсан. Ингээд энэ жил дээрх чиглэлүүдээр иргэдэд сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлыг өгөхдөө аймгийн бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Тухайлбал, “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион явуулж, эрүүл мэндийн анхны тусламжийн сайн дурын сургагч багш нараар дамжуулж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 175 багшид “Анхны тусламж”-ийн танхимын сургалтыг хийв.

Мөн аймгийн Шинжлэх ухаан боловсролын газрын бага боловсрол хариуцсан  мэргэжилтэн н.Ариунжаргалтай хамтран аймгийн төвийн бага боловсролын анги удирдсан 75 багшид анхны тусламжийн сургалтыг явууллаа.

Аймгийн ОБГ, ЭМГ, Цагдаа, ГБХЗХГ-тай хамтран “Зөвийг хэвшүүлье” нэртэй суралцагчийн аюулгүй байдал, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог сайжруулах сарын аяныг явуулав. Хүүхдийг зам тээврийн осол гэмтэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэдлэг олгох зорилгоор Улиастай сумын 9 цэцэрлэгийн 135 хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт анхны тусламжийн, суурь сэхээн амилуулах сургалтыг явуулжээ.

Улаан загалмайн хороонд анхны тусламжийн сургалтын хүсэлт өгсөн албан газруудад болон гишүүн байгууллагын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нийт 32 удаагийн сургалтаар жилийн хугацаанд 800 гаруй хүнд анхны тусламжийн суурь, сэхээн амилуулах сургалтыг амжилттай зохион явуулжээ.       


Замын хөдөлгөөний дүрмийн дагуу соёлтой оролцоход эцэг, эхчүүдийн нөлөөлөл хамгийн гол хүч байдаг гэсэн зорилго агуулгатай үзүүлэх сургалтыг бага ангийн 332 сурагч, 37 багш, 58 эцэг эхийн төлөөллийг хамруулан явуулжээ.


-Энэ онд хүүхэд,  залуучуудын хөтөлбөрийн хүрээнд ямар нөлөөллийн ажлыг хийв?

-Хүмүүнлэг иргэн хөгжлийн ирээдүй гэсэн уриа МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн уриа юм. Энэ уриа болоод хөтөлбөрийн үндсэн зорилго нь хүүхдүүдийг багаас нь хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Энэ зорилгыг бид орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. МУЗН-ээс жил бүр үндэсний зуслан цугларалтыг зохион байгуулж, 21 аймаг 9 дүүргийн шилдэг тэргүүний Улаан загалмай ч хүүхдүүд зуслан цугларалтад оролцож, тухайн аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн ажлуудынхаа туршлагаас хуваалцаж, бусдаас суралцах, цаашид хамтран явуулах хүмүүнлэгийн ямар ажлуудыг төлөвлөх вэ гэхчлэн үр дүнтэй цугларалт болдог юм.

Тэгвэл энэ жилийн уулзалтаар, Хүүхэд залуучуудын тэргүүн, болоод зөвлөлийг сонгох уулзалт болж, Хүүхэд залуучуудын бодлогыг шинэчлэн баталсан. Ирэх 2023 оноос шинэ бодлогын дагуу аймгууд үйл ажиллагаагаа явуулах юм. Энэ жилийн зуслан цугларалтад манай аймгаас 10 хүүхэд оролцсон. Мөн сүүлийн хоёр жил ковид цар тахлын улмаас жил бүр уламжлал болж явагддаг Азийн таван орны хүүхдүүдийн чуулга уулзалт сүүлийн хоёр жил онлайнаар боллоо. Энэ уулзалтад оролцох сонирхол, өсвөрийн улаан загалмай ч хүүхдүүдийн мөрөөдөл байдаг. Тэгвэл Монгол улсаа төлөөлж маш цөөхөн хүүхэд хамрагддаг энэ уулзалтад манай байгууллагын дэргэдэх өсвөрийн улаан загалмайн “Тусч” бүлгэмийн тэргүүн, лаборатори Чандмань-эрдэнэ сургуулийн 12А ангийн суралцагч Г.Энхтунгалаг, Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийн гишүүн 12А ангийн суралцагч н.Энх-Ундрал нар Япон, Хонконг улсуудын хүүхдүүдтэй туршлага солилцох уулзалтад амжилттай оролцлоо. Энэ  уулзалтыг англи хэлээр явуулдаг, шалгуур өндөртэй уулзалт юм.

-Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн тоо өссөн үү?

-Хүмүүнлэгийн ажлыг ойлгож хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцдог иргэд хандивлагчдын тоо нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг иргэд, байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь бахархам юм. Энэ жил бид Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэх, хуучин гишүүнчлэлээ сэргээх. Шинээр гишүүн элсүүлэх зорилготой “Хүмүүнлэг үйлсэд – иргэдийн оролцоо” аяныг өрнүүлсэн. Тус аяныг аймгийн Засаг дарга дэмжиж нийт ард иргэд, аж ахуй нэгжүүдэд уриалга хүргүүлснээр, шинээр 15 байгууллага элсэж, 21 байгууллага хуучин гишүүнчлэлээ сэргээж аян амжилттай өрнөсөн. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. 

-Танай байгууллагын ирэх оны төлөвлөгөө?

-Мэдээж ирэх онд зорилтот нөлөөллийн ажлуудаа үр дүнтэй явуулж, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилготой ажиллана. 2023 онд Завхан аймгийн улаан загалмайн хорооны чуулган болно. Энэ ээлжит чуулганаар бид аймгийн улаан загалмайн хорооны дэргэдэх удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлуудаа тайлагнана. Мөн тэргүүнээ сонгон  баталдаг томоохон уулзалт, хэлэлцүүлэг өрнөх юм.

Түүнчлэн анхан шатны хороодын үйл ажиллагааг жигд түвшинд хүргэж, үйл ажиллагааг нь сайжруулахаас гадна илүү олон иргэдэд хүрч ажиллана. Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж тэдэнтэй хамтран хүмүүнлэгийн ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй, тэгш хүргэнэ гээд төлөвлөгөө олон бий. Харин төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүмүүнлэгийн үйлстэн хүн бүрийн оролцоо хамгийн чухал юм.

-Танд баярлалаа.


/Хоёр жилд нэг удаа улсын хэмжээнд болдог, урлаг, спортын их наадам Дорнод аймагт болжээ. Тус наадамд баруун таван аймгийн Улаан загалмайн хороо нэг баг болж амжилттай оролцож тэргүүлжээ/


/Хүмүүнлэгийн ажлыг эхлүүлэхдээ зөвлөлдөж, хийх нь хамгийн үр дүнтэй байдаг/

/Өсвөрийн улаан загалмайчид бол бидний хамгийн сайнтүнш, туслагчид/

/Өсвөрийн улаан загалмайчид нөлөөллийн бүх ажилд оролцдог/

/Нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийг зорилтот иргэдэд хүргэх нь чухал/

/Сайн дурын идэвхтнүүдийн зөвлөлдөх уулзалт/

/Өдөр бүр хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох иргэдийн тоо өсөж байдаг/


/Сайн дурын идэвхтнүүдээ урамшуулдаг/


Related news