ДУНДГОВЬ: "Боломжийг бүгдэд" аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 41,7 сая төгрөгийн борлуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-05 16:16:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын ХБИ-ийн эрхийг хамгаалах өдрөөр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 1500 гаруй иргэдийн төлөөлөл “Боломжийг бүгдэд” уриан дор чуулав.

Тус чуулганыг аймгийн ЗДТГ, ХХҮГ-аас дэмжин ХБИХ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран зохион байгуулж, 100 гаруй төлөөлөгч оролцжээ.

Чуулганы үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах аймгийн салбар зөвлөл 2022 оны үйл ажиллагааны тайлан, илтгэл төлөөлөгчдөд танилцуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслөөс мэдээлэл хийж,  Гэрэлтдэг ертөнц ТББ “Хувь хүний хөгжил” сургалт зохион байгуулав.

Аймгийн ХХҮГ-аас ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санхүүгийн дэмжлэгт хамруулж, “Боломжийг бүгдэд” аяныг 15 суманд зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсныг чуулганы төлөөлөлгчид онцолжээ.

2021 онд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 16 иргэнд 57,0 сая, 2022 онд 13 иргэнд 96,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон бөгөөд энэхүү дэмжлэгт хамрагдсан иргэд авсан дэмжлэгийнхээ 50 хувийг буцаан төлөх нөхцөлтэй юм.

“Боломжийг бүгдэд” аяныг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд Аймгийн хөгжлийн брхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл, ХХҮГ-тай хамтран зохион байгуулж, ХБИ-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлан зах зээлд холбох нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулснаар 15 сумын 108 байгууллага оролцжээ.

Энэхүү аяны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй 48 иргэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж, 41,7 сая төгрөгийн орлого олсон байна.

Түүнчлэн чуулганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн үгээ хэлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэхээр санал бодлоо илэрхийлсэн бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

ХБИ-ийн эрхийг хамгаалах энэ өдөр Дундговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, суугаа гар бөмбөг, ширээний теннис зэрэг спортын дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулж, аймгийн Засаг даргын зүгээс идэвх санаачилгатай, хамт олноо майлайлсан иргэд болон тэднийг дэмжин ажилласан байгууллагуудыг шагнаж, чуулганы төлөөлөгчдөд гарын бэлэг гардуулсан юм.  

Related news