ДУНДГОВЬ: Аймгийн ОНХС-ийн орлого 1,3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-30 17:36:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит хурал хуралдах шийдвэр гарч, тус хурлаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төсвийн төслийг хуулийн хугацаанд хүргүүлжээ.

Тус төсвийн төсөл нь 2023 оны орон нутгийн төсвийн суурь орлого, орон нутгийн төсөвт байгууллагын суурь зардал, ОНХС-аас сумын ОНХС-д өгөх орлогын тооцоолол, аймгийн ОНХС болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, Орон нутгийн өмчийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн их засварын ажил, Замын сангийн оны хөрөнгөөр хэрэгжүүлэх ажил үйлчилгээний зардлаас бүрдэж байна.

Аймгийн 2023 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг авч үзвэл татварын болон татварын болон татварын бус орлого 1,456,500.0 мянга, Улсын төсвөөс аймгийн төсөвт авах дэмжлэгийн хэмжээ 14,132,308.8 мянга, орон нутгийн ерөнхий орлогын урьд оны үлдэгдэл 414,000.0 мянга, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого 1,953,368.7 мянга, Улсын төсвөөс аймгийн төсөвт авах ОНХС-ийн орлого 9,815,953.3 мянга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын төвлөрүүлэх орлого 287,300.0 мянга, харьяа байгууллагын урьд оны үлдэгдэл 1,511,886.9 мянган төгрөг болж байгаа ажээ.

Аймгийн 2023 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээ 29,571,320.7 мянган төгрөг байгаа ба түүнээс аймгийн ОНХС-аас сумдад олгох ОНХС-ийн орлого 4,994,452.0 мянган төгрөг байна.

Өргөн барьсан төслийн төсвийн талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаас тодруулахад “Манай аймгийн хувьд Улсын төсвөөс аймгийн төсөвт авах санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 2022 оныхтой харьцуулахад буурсан. Энэ нь төрийн хэмнэлтийн хуультай холбоотой.

Харин аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалт 1,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Түүнээс бид 5,0 орчим тэрбум төгрөгийг 15 сумын ОНХС-д хуваарилна. Энэ жилийн онцлог нь шинэ хөрөнгө оруулалтууд хийхгүй гэсэн чигтэй байгаа. Гэхдээ аймгийн Орон нутгийн хөрөнгө оруулалт болон ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөөд хуулийн хугацаандаа ИТХ-д өргөн барилаа.

Аймгийн хөгжлийн бодлого бол хүнээ хөгжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, иргэдийнхээ аятай, таатай амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын чанарыг сайжруулах гэсэн үйл ажиллагаа руу чиглэж байгаа. Тиймээс энэхүү бодлого, Хот хөдөөгийн шинэ сэргэлттэй холбоотойгоор орон сууцны хорооллын болон хөгжлийн хэд хэдэн асуудлаар ТЭЗҮ боловсруулах, зураг төсөв, ерөнхий төлөвлөгөө гаргах, хөтөлбөр боловсруулах зэрэг ажлуудыг тусгасан.

Өнгөрсөн жил Дундговь аймагт 6 удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Энэ нь хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх хүсэл, сонирхолтой болгох, аж ахуйн нэгж байгууллагуудын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Тиймээс энэ жил энэ тоогоо бууруулахгүй, дээрээс нь гол гол хичээлүүдийн улсын чанартай олимпиадыг аймагтаа зохион байгуулах бодолтой байна.  

Түүнчлэн нийгмийн хэрэгцээтэй дэд бүтцийг сайжруулах, зам харилцаа засах, сайжруулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр иргэдээс гарсан саналд үндэслэн төлөвлөлтөө хийсэн” гэлээ. 

Related news