ХОВД: Баруун бүсийн сумдад өвөлжилт хүндэрч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-29 10:59:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баруун бүсийн гурван сум болох Алтай, Үенч, Булган суманд цас их орж, өвөлжилт хүндэрч эхэлжээ.

Малчдын хэлж байгаагаар баруун бүсийн сумдын нийт нутгаар сүүлийн зургаан өдөр дараалан цас орж, цасны зузаан хамгийн багадаа 30 см, хамгийн ихдээ 1 метр хүртэл цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнтэй холбогдуулан малчид цас багатай, өвстэй газрыг зорин хамгийн багадаа 100 гаруй км отор нүүдэл хийж байна.

Бэлчээр сэлгэн нүүдэл хийж, мал тууж яваа Алтай сумын Бодонч багийн малчин Т.Энхбаяртай таарч, цөөн хором ярилцахад: “Отор нүүдлийн замд цас ихтэй, бэлчээрийн ургамлын гарц тааруу байгаа тул малчид малдаа өвс, тэжээл өгч байна. Энэ нутгаар дахин цас орвол өвөлжилт хүндэрч, малчид зутарна.  Мал, мах зарж борлуулах хүсэлтэй байгаа боловч үнэ хямд, зах зээлд нийлүүлэх гарц боломж тааруу байна” гэлээ. 

Одоогийн байдлаар Булган суманд алсын оторт яваа 120 малчин өрхийн 100 гаруй мянган толгой мал хэвтрээсээ гарах боломжгүй цасанд боогдсон, өвөлжилт хүндэрсэн дуудлага мэдээлэл өгч байна. Мөн Алтай, Үенч суманд зарим малчин өрхийн мал хэвтрээсээ гарах боломжгүй болсон төдийгүй цасан шуурганд хоёр малчин төөрсөн гэх дуудлага мэдээлэл ирж, сумдын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авчээ.  

Дээрх сумдын нутгаар цаашид хүйтний эрч эрс чангарах, цас үргэлжлэн орох цаг агаарын урьдчилсан төлөв мэдээтэй байгаа тул малчин өрхүүдэд хүрч үйлчлэх шатахууны зардал шийдвэрлэх, цасыг цэвэрлэж зам гаргах зориулалт бүхий хүчин чадал сайтай тeхникийн дэмжлэг яаралтай үзүүлэх хүсэлтийг сумын удирдлагууд хэлж байна. Энэ тал дээр аймгийн Онцгой комиссоос анхаарч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллана гэж мэдэгдлээ. 


Related news