ХОВД: Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-24 17:08:45

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар сүүлийн арав хоногийн ихэнх хугацаанд салхи шуургатай, цаг агаар тогтворгүй байх төлөвтэй.

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээс үзэхэд энэ сарын 25, 29-ний өдөр болон арванхоёрдугаар сарын 1-нд зарим газраар цас орно.

Салхи энэ сарын 30-ны өдөр хүртэл ихэнх нутгаар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Харин агаарын температурын хувьд энэ сарын 27, 30-нд хүйтний эрч бага зэрэг суларч, ихэнх нутгаар шөнөдөө -10-15 градус, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн байна. Бусад хугацаанд алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байх төлөвтэй.

Одоогоор нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Өнөө шөнө болон маргааш өдөр зарим газраар цас орох ба салхи алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдана. Зам даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул иргэдийг хол, ойр зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, учирч болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. 

Related news