ДУНДГОВЬ: Говийн бүсийн "Ногоон, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай хөгжлийн стратеги"-ийг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-23 08:58:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Ногоон хөгжлийг дэмжсэн, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги” говийн бүсийн уулзалт, хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 22-нд Дундговь аймгийн Мандалговь хотод болов.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид болон Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь аймгийн холбогдох төрийн байгууллагууд, малчид, фермер, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон 120 гаруй хүн оролцжээ.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар нээж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бодлогын ахлах шинжээч, доктор Ц.Энх-Амгалан болон зөвлөх багийн шинжээч нар тухайн сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.




Ногоон хөгжлийг дэмжсэн, өрсөлдөх чадвартай, экспортын баримжаатай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлохын тулд хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид аймаг аймгаараа баг болон ажиллаж, ирэх 5 жилд тогтвортой хөгжүүлэх боломжтой аймгийн онцлог бүтээгдэхүүнүүдийг тодорхойлжээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд учирч буй бэрхшээл, сорилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, ХАА-н эдэлбэр газар, бүтээмж, технологи, инновац, санхүүжилтийн төлөв, салбарын хүний нөөцийн нөхцөл байдлыг тодорхойлж, нөлөөг бууруулах, дасан зохицох арга замыг аймаг бүр хэлэлцэн гаргасан аж.

Аймгууд өөр өөрийн онцлогт тохирсон тогтвортой хөгжүүлэх боломжтой 5 бүтээгдэхүүнийг сонгосон нь мах, хонь, тэмээний ноос, ингэний хоормог, арьс шир, сүү, ноолуур, бяслаг, хүлэмжийн нарийн ногоо зэргийг нэрлэсэн байна. 



Related news