“Долоогийн бүлэг” БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-21 09:56:24

РОМ. /Reuters/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтын хариуд “дорвитой арга хэмжээ” авах хэрэгтэй гэж “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар ням гарагт мэдэгджээ.


Аюулгүйн Зөвлөл АНУ-ын хүсэлтийн дагуу энэ он гарсаар пуужингийн олон удаагийн туршилт явуулаад байгаа БНАСАУ-ын талаар даваа гарагт хуралдахаар товлоод байгаа юм.


“БНАСАУ-ын үйлдлүүдэд олон улсын хамтын нийгэмлэг нэгдмэл, тууштай хариу өгөх шаардлагатай байна” гэж АНУ, Япон, Канад, Герман, Их Британи, Франц, Италийн Гадаад хэргийн сайд нар мэдэгдсэн байна.


Пёньян бүс нутгийн аюулгүй байдалд оролцоогоо нэмэгдүүлж буй Вашингтонд “цэргийн илүү хатуу хариу арга хэмжээ авахаа” сануулсныхаа дараа баасан гарагт АНУ-ын эх газарт тусах чадалтай баллистик пуужин туршсан юм.


“Долоогийн бүлэг”-ийн мэдэгдэлд баасан гаргийн туршилтыг “бодлогогүй алхам”, НҮБ-ын тогтоолуудыг “дахин илэрхий зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлоод, тус улс 2022 онд баллистик пуужингийн туршилтаа урьд хожид үзэгдээгүйгээр явуулж байгаа нь бүс нутгийн төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байгааг дурджээ. 

Related news