Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-03 12:21:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас Монгол Улсад Эрүүл мэндийн ирээдүйн стратегийн хэлэлцүүлгийг /ЭМИСХ/ зохион байгуулж байна.


2020 оноос эхэлсэн Эрүүл мэндийн ирээдүйд чиглэсэн стратегийн хэлэлцүүлэг нь хурдацтай өөрчлөгдөн хувирч буй нөхцөл байдалтай уялдуулан эрүүл мэндийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоог цаг тухайд нь бий болгох үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 


Монгол Улс “Алсын Хараа 2050” урт хугацааны бодлогоо хэрэгжүүлж эхлээд байгаа энэ үед ДЭМБ-
аас ирээдүйгээс эргэн төлөвлөх аргачлалын хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 2050 он хүртэлх хэтийн төлөвийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ нь үргэлжилсэн үйл явц бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил болон академик байгууллагын төлөөллийг оролцуулан өөрчлөлтийн чиг хандлагыг олон улсын болон дотоодын түвшинд тодорхойлж, улмаар  ирээдүйд бий болох өөрчлөлтийн талбаруудыг улс төр, эдийн засаг, нийгэм, уур амьсгалын өөрчлөлт, технологийн дэвшилтэй уялдуулан өргөн хүрээнд судалж, цаашид 2050 он хүртэлх тодорхой үе шаттай зорилтуудад хэрхэн яаж хүрэх талаарх эрүүл мэндийн салбарын “Өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг “ирээдүйгээс эргэн төлөвлөх” арга замаар бий болгох юм.

ДЭМБ-аас ЭМИСХ-ийн эхний хоёр үе шатыг дуусгаад байна. Эхний үе шатанд эрүүл нийгэм ба эрүүл хүмүүс, эрүүл орчин, дижитал технологи ба инноваци гэсэн  тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон. Хоёр дахь үе шатанд 2050 он хүртэлх чиглүүлэгч хүчин зүйлсийг эрэмбэлэх зорилгоор 28 орчим удаа дэд ажлын хэсгийн хэлэлцүүлгийн хүрээнд “Гүнзгийрүүлсэн судалгаа” нь дээрх 3 чиглэл тус бүрээр цуврал үйл ажиллагааг хэрэгжүүлсэн
юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Буянтогтох хэлэхдээ “Бид ирээдүйд болзошгүй хүчин зүйлсийг одооноос төлөвлөх, тооцох олон улсад ашиглаж буй арга аргачлалыг ашиглах шаардлага үүсээд буй. Иймд бид ДЭМБ-аас амжилттай хэрэгжүүлж буй боломжит ирээдүйг судлах дөрвөн шатлалт аргачлалыг хэрхэн ашиглаж болох талаар судалж, туршиж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн салбар 2050 он гэхэд хэрхэн хөгжсөн байх, хэрхэн хүсэмжит ирээдүйгээ бий болгох талаар шинэлэг аргачлал, төлөвлөлтийн өвөрмөц үзэл баримтлалыг  суралцахыг дэмжиж ДЭМБ-тай хамтран стратегийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.

ДЭМБ-ын мэргэжилтэн, доктор Б.Ганбат оролцогчдод хандан “Энэ удаа өмнөх хэлэлцүүлгүүдийн үргэлжлэл хэлбэрээр явагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр шалтгааны үечилсэн шинжилгээгээр үнэлэх арга зүйг эзэмших бөгөөд энэ нь алсын харааг тодорхойлж, ирээдүйг бүтээхэд чиглэсэн аргачлал юм. Аливаа асуудлыг шийдвэрлэх стратегийн хэлэлцүүлэгт  энэхүү аргыг хэрэглэдэг. Энэ нь уялдаа холбоо бүхий шинэ ирээдүйг бий болгохын тулд түүнд хүрэх янз бүрийн түвшний дүн шинжилгээг хийхэд чиглэсэн. Ингэснээр ирээдүйг урьдчилан таамаглахаас гадна дүн шинжилгээ хийж, хувирах боломжтой өөр өөр боломжит ирээдүйг бий болгоход оршдог” гэлээ. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн
Б.Дөлгөөн: Өнөөдрийн шалтгааны үечилсэн шинжилгээгээр нийгэмд тулгарч буй асуудлыг задлах, шинжлэх цаашлаад шийдлийг нь олоход багаараа хамтарч ажиллах цогц аргад суралцаж байна. Сонирхолтой, нэлээн ач холбогдолтой нийгэмд ч эерэг нөлөө үзүүлэхээр санагдлаа. 

Оролцогч З.Цолмонбаяр
: Энэ удаагийн хэлэлцүүлгээр асуудлын дотроос шийдэл хайх биш, асуудлаасаа гарч хөндлөнгөөс хараад хүсэж буй ирээдүйгээ яаж бүтээх вэ гэдэгт төвлөрч байгаа нь онцлог санагдлаа. Мөн хэлц үгүүдийг тухайн асуудалтайгаа зүйрлэж ашиглаж, тодорхойлж байгаа нь сонирхолтой байна. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын шат шатны төлөөллүүд, засгийн газар, төрийн бус байгууллага мэргэжлийн нийгэмлэг холбоод, иргэний нийгэм, академик байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцон санал бодлоо илэрхийлж байна.

Ташрамд сонирхуулахад ДЭМБ-аас 11 дүгээр сард өөрчлөлтийн хөтөлбөрийг хэлэлцүүлэх томоохон арга хэмжээг зохион байгуулах юм. 

Related news