ЗАВХАН: Малчдад тариалангийн чиглэлээр газар эзэмшүүлсэн нь үр дүнгээ өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-28 13:45:50

Завхан/МОНЦАМЭ/. Түдэвтэй сум малчдадаа газар тариалангийн чиглэлээр газар эзэмшүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Сумын тухайд газар тариалан эрхэлж байсан туршлагатай. Хуучин нэгдлийн үе буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед 2.5 мянган га газарт малын тэжээл, хүнсний ногоо тариалж байгаад 1990 оноос хойш энэ чиглэлийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орсон. Харин сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбараа сэргээж байна. Өнгөрсөн жилээс эхлүүлэн малчдадаа газар тариалангийн чиглэлээр газар эзэмшүүлж эхэлсэн.

Энэ хавар гэхэд газар тариалангийн чиглэлээр 500-гаад га газрыг эзэмшүүлж олгосон. Одоогоор суманд малын тэжээл тариалах чиглэлээр гурван аж ахуйн нэгж, малчдын гурван бүлэг хоршоо 1700 га газрыг эргэлтэд оруулаад байна. Хойшид газар тариалангийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд техник, тоног төхөөрөмжийг бэлтгэх. Усалгаатай газар тариалан руу шилжих зайлшгүй шаардлага гарч байна. Энэ онд 600.0 тн таримал тэжээл хураан авсан. Өнгөрсөн жил 130 тн байгалийн хадлан авч байсан бол энэ жил гантай, газрын гарц муу байснаас байгалийн хадлан хураан авч чадаагүй байна. Харин, төмс хүнсний ногоо тариалалт харьцангуй бага байгаа. Энэ жилийн тухайд хоёр аж ахуйн нэгж, хувь хүмүүс нийт таван га-д тариалалт хийж төмс, хүнсний ногоо өнгөрсөн жилээс хоёр дахин илүү буюу нийт 60 орчим тн төмс, хүнсний ногоо хурааж авсан байна гэж Түдэвтэй сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news