ЗАВХАН: Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлагаа сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-25 17:35:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хойд бүсийн сумдын 230 гаруй төрийн албан хаагч чадавхжуулах сургалтад хамрагдаж байна.

Завхан аймгийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 2022 оныг "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарласан. Хариуцлагын жилийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах бүсийн сургалтыг цувралаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн зүүн бүсийн сумдын 160 гаруй төрийн албан хаагч чадавхжуулах сургалтад хамрагдаад байгаа. Харин энэ долоо хоногт хойд бүсийн сургалтыг Түдэвтэй суманд зохион байгуулж, 9 сумын 230 гаруй төрийн албан хаагч оролцож байна. 

Сургалтыг төрийн албан хаагчийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр дахь бүсдээ зохион байгууллаа. Бүсийн сургалтын үеэр төрийн албан хаагчдад хууль эрх зүй, ёс зүйн чиглэлийн мэдлэг, мэдээлэл олгож, шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажлын тэргүүн туршлагуудыг сумд харилцан солилцож ярилцлаа. Түүнчлэн төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох зорилго бүхий сэдэвчилсэн илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Мөн үеэр төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварын сорил, соёл, урлаг, спортын олон ажлыг зохион байгууллаа. Ингээд үйл ажиллагаа тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулсан бөгөөд нэгдсэн дүнгээр Түдэвтэй сум шалгарч, бүсийн шилдэг төрийн албан хаагчид тодорлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Энэхүү сургалтын үр дүнд төрийн албан хаагчид стратеги төлөвлөгөө, төрийн байгуулагын болон төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах мэдлэгийг онолоор болон дадлага ажлаар эзэмшиж авлаа. Завхан аймагт 5560 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчид өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Тиймээс сахилга хариуцлагын жилийн хүрээнд эдгээр цуврал, бүсчилсэн сургалт зөвлөгөөнүүдээс авсан мэдлэг, мэдээллээ чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагаасаа татгалзаж, мэдлэг мэдээллээ тогтмол дээшлүүлж, иргэн бүртэй эрх тэгш харьцах шаардлагатай. Ингэснээр Завхан аймагт ёс зүй, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчид нэр хүндтэй байх хөрс суурь бүрдэнэ гэж аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал бүсийн сургалтын үеэр онцоллоо. 

Related news