ЗАВХАН: Авто зам, засвар арчлалтын компаниудын өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-13 16:00:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн улсын болон орон нутгийн чанартай автозам, даваа, гүүрний засвар арчлалт, өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна.

Тухайлбал, авто замын ашиглалт хариуцагчдын нэг “Пирамид проект” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 75 хувь, “Завхан АЗЗА ТӨХК-ийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна. Завхан АЗЗА ТӨХК нь улсын чанартай дөрвөн чиглэлийн 638.5 км зам, Их-Уул, Тосонцэнгэл сумын Идэрийн гол, Тэс, Баянтэс  сумын Тэсийн голын нийт 630.24 у/м  төмөр бетон болон модон гүүрнүүдийн бэлэн байдлыг ханган засвар арчлалтыг хариуцан ажилладаг. 

Харин Пирамид проект ХХК нь Завхан аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг улсын чанартай 572.97 км авто зам болон замын байгууламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Эдгээр зам засвар арчлалтын компаниуд нь жилийн дөрвөн улиралд улсын болон орон нутгийн чанартай авто замуудын арчлалт, засварыг хийдэг. Өвлийн улиралд автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх, автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг учраас хүн хүч, техник хэрэгслийн хувьд бэлтгэл бэлэн байдлыг хангах нь чухал юм.

Өнөөдрийн байдлаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил 100 хувьтай байнгын ашиглалтад орсон. Улиастай сумын гудамж төслийн ажил 98 хувьтай, Алдархаан сумын 5.6 км хатуу хучилттай авто замын ажил 100 хувь, Их-Уул сумын гурван км хатуу хучилттай авто замын ажил 90 хувьтай хийгдэж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.  

Related news