СЭЛЭНГЭ: Аймгийн Төрийн архивын сан хөмрөгийг галын аюулаас аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-05 19:26:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нутгийн захиргааны III байранд гал гарсан дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 3-ны өдрийн 16:10 цагт иржээ. Тус дуудлагаар ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагч, ахмад У.Энхтөрөөр ахлуулсан 7 алба хаагч ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраасан байна.

 

Тус нутгийн захиргааны III байранд аймгийн Төрийн архивын сан хөмрөгт 174 хөмрөгийн 35119 хадгаламжийн нэгж, төрийн бусад байгууллагын 187.000 хувийн хэрэг, баримт материал болон тоног төхөөрөмж, эд хөрөнгө хадгалагдаж байдаг.  

 

Энэхүү үнэт материал устаж үгүй болохоос хамгаалж, эр зориг, ур чадвар гарган ажилласан ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн ахмад У.Энхтөр салааны захирагчтай хамт олонд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Талархал”, мөнгөн шагнал гардуулан өглөө.

 


Related news