АРХАНГАЙ: Таван мянга гаруй иргэн тоон гарын үсгээ авчээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-29 16:42:49

Архангай /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгох ажлыг өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 5120 иргэн тоон гарын үсгээ авчээ. 


Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төлөвлөгөө гарган аймгийн хэмжээнд нэг байдаг зөөврийн тоног төхөөрөмжөө ашиглан албан байгууллага, зах, худалдааны төвүүдэд ажиллан, иргэдэд тоон гарын үсгийг олгож, ач холбогдлын талаар мэдээлж байна. Мөн тоон гарын үсгээс гадна Иргэний улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлжээ.


Энэ долоо хоногт аймгийн Нэгдсэн эмнэлэг, УБИС-ийн Архангай дахь Багшийн сургууль, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, "Эрдэнэт-Булганы ЦТС" ТӨХК-ийн байранд ажилласан байна. Өнөө, маргааш "Архангай түншлэл-2022" үзэсгэсгэлэн худалдааны үеэр иргэдэд тоон гарын үсэг олгохоор төлөвлөжээ.


Архангай аймгийн хэмжээнд 16 ба түүнээс дээш настай нийт 64026 иргэн тоон гарын үсэг авахаар байгаа.  

Тоон гарын үсгээ авсан зарим иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болон юунд ашиглахаа үл мэдэн хайхрамжгүй хандсаны улмаас тоон гарын үсгээ гээгдүүлж, дахин авах талаар хандаж эхэлжээ. Энэ нь ачааллыг нэмэгдүүлж буйг мэргэжлийн байгууллагаас хэлж байв.


Мөн тоон гарын үсгийг хэрэглээнд даруй нэвтрүүлж, хэрэглээ болгохгүй бол иргэд хайхрамжгүй, ач холбогдолгүй мэтээр ойлгосоор байна. Аймгийн УБХ-ийн зүгээс ч дээд шатны байгууллагадаа тоон гарын үсгийг хэрэглээнд даруй нэвтрүүлэх талаар санал хүргүүлжээ. 


Related news