ДУНДГОВЬ: “Дундговь түншлэл-2022” зах зээлийн өдөрлөгт 260 гаруй үйлдвэрлэгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-15 17:42:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр Мандалговь хотноо үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлд холбох, түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий “Дундговь түншлэл-2022” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа болж байна.

18 дахь жилдээ зохион байгуулж буй зах зээлийн энэхүү өдөрлөгт 15 сумын 260 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа ба энэ жилийн үзэсгэлэн худалдаанд малчдын сүү, цагаан идээ хамгийн элбэг байна. Тодруулбал, 14 сумаас 153 малчин өрх 33 нэр төрлийн цагаан идээгээр оролцож байгаа юм.

Малчин эмэгтэйчүүдийн хувьд төрөл бүрийн ааруул, өрөм, бяслаг, сүү, айраг, нэрмэл гээд уламжлалт цагаан идээгээ бэлтгэн ирснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, сүүн чихэр, тарган бялуу, цэлцэгнүүр, хайлмаг, ааруулан чихэр, молоко зэрэг өртөг нэмсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд танилцуулж байгаа нь онцлог байна.

Түүнээс гадна говийн хүмүүлийг төрөл бүрээр туршин шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Тодруулбал, Гурвансайхан сумын Улсын сайн малчин Н.Ганхуяг, түүний гэргий Улсын аварга саальчин Б.Хорлоо нар анх цэлцэгнүүр, сүүн чихэр, молоко зэрэг бүтээгдэхүүнийг туршин гаргаж, тэдгээр бүтээгдэхүүнээрээ аль хэдийн хэрэглэгчдийн танил болсон бол энэ удаагийн өдөрлөгт хүмүүлээр цуу, 3 төрлийн дарш, мөн далайн байцааг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж иржээ.

Гурвансайхан, Дэрэн, Говь-Угтаал сумын брэнд дугуй ааруул, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын малчдын үйлдвэрлэсэн хээтэй ааруулууд эрэлт ихтэй байгаа ба нэг кг нь 35000 төгрөгөөр худалдаалж байна.

Тус өдөрлөгт төмс, хүнсний ногоо, нарийн ногоо мөн эрэлт ихтэй байгаа ба Сайнцагаан сумын иргэн З.Одончимэгийн тарьж ургуулж буй шар улаан лооль нэлээд онцлог, эрэлт ихтэй байлаа. Тус бүтээгдэхүүнийг БНСУ-аас үрийг нь авч ирж, 3 дахь жилдээ нутагшуулан тарьж байгаа ба улаан лоольтой харьцуулахад витаминлаг, шүүслэг, маш сайхан амттай хэмээн худалдан авагчид таашааж байлаа.

“Дундговь түншлэл-2022” өдөрлөгийг аймгийн ЗДТГ, ХХААГ, ХХҮГ, МЭХ-ны Дундговь аймаг дахь салбар, ХААҮТ хамтран зохион байгуулж байгаа ба өмнөх жилүүдэд оролцогчдоос мандатны төлбөр авдаг байсан бол энэ жил бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар ч шимтгэл, төлбөр аваагүй гэдгийг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр онцолсон юм.

Зах зээлийн өдөрлөг 3 өдөр үргэлжлэх ба 9 номинацаар шилдгүүдээ шалгаруулах ажээ. 

Related news