Гадаадын хөрөнгө оруулалт 8 сарын байдлаар 800 сая ам.доллар болоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-12 14:23:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болж байна. Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдол бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж байна. Уг бодлогын баримт бичигт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ хариуцан боловсруулахаар тусгаж, шийдвэрлэсэн юм.

 

Хэлэлцүүлгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нээж хэлэхдээ,Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой үүссэн хэрэг маргааныг шийдвэрлэдэг үйл явцыг түргэн шуурхай болгоно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бага үнийн дүнтэйг нь хурдан шийддэг болно. Энэ тогтолцоо руу шилжинэ” гэдгийг илэрхийллээ. Тэрээр, энэ оны төгсөлд хийх тогтолцооны өөрчлөлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулах явдал гэдгийг онцолж, “Гадны хөрөнгө оруулагч нарт эрх зүйн тогтолцоо илүү ойлгомжтой болж байгаа гэдгийг ойлгуулах төслийг боловсруулаад өргөн барьж байна. Хууль, тогтоомжийнхоо хэрэгжилт тал дээр илүү анхаарах шаардлагатай байна. Гадны хөрөнгө оруулагчдад чиглэсэн өөрчлөлт бол виз олголтыг хялбаршуулж, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан явдал. Одоо нэг асуудал тулгарч байна. Энэ оны төгсгөлд яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана.  Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ гэдгийг тодотгов.


ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Гадаадын хөрөнгө оруулалтын сүүлийн 5 жилийн судалгаа танилцуулга”, ЦЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир “Гадаадын хөрөнгө оруулагчдад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаарх санал, дүгнэлт”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн бүртгэл, үйл ажиллагаанд татвар, нийгмийн даатгалын байгууллагатай хамтран хийсэн холбогдох хяналт шалгалтын ажлын танилцууллаа.



Мөн ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.Оюунцэцэг “Гадаадын хөрөнгө оруулалттай хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох шийдвэрийн биелэлт болон гадаад улсын олон улсын шүүх,  арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны талаарх санал, дүгнэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өглөө.



Хэлэлцүүлэгт Монгол Улс дахь гадаадын зарим улс орны ЭСЯ, олон улсын худалдааны байгууллагын төлөөлөгчдөөс гадна төрийн болон ТББ-ын төлөөлөгчид оролцон гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлж, санал, дүгнэлт хэлэлцүүллээ.


Энэ оны эхний 8 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 0.8 тэрбум ам.долларт хүрээд буйг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал өнөөдрийн хэлэлцүүлэг дээр мэдээллээ. Тэрбээр сүүлийн жилүүдийн өмнөх дүнг харахад чамлалттай тоон үзүүлэлттэй явж ирснийг хэлж байв. Тодруулбал, өнгөрсөн 30 жилд манай улсад 35.7 тэрбум ам.долларын хөрөнгө оржээ.


Гэхдээ эдийн засагт томоор, эерэг нөлөөлдөг, ДНБ буюу эдийн засгийн өсөлт шууд хамаардаг гадаадын хөрөнгө оруулалт дээр эрх зүйн орчинг тодорхой, тогтвортой болгох зүйл мундахгүй байгааг хэлэлцлээ.



Манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 41 хувийг Оюутолгойн уурхайн төсөл эзэлж байна. 


Тухайлбал, хөрөнгө оруулалт дээр төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, хяналтыг давхардуулалгүй цөөлөх талаар хөндлөө. Мөн хууль эрх зүйн хоорондын зөрчил, маргаан, хийдэл, удаан хойрго байдал, сөрөг нөлөө, давхардлыг арилгахгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжээд ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг ярьж байна. Төрийн институцийн тогтвортой бодлого, үйл ажиллагаа гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бизнесийн урт хугацааны төлөвлөлтийн үйл ажиллагаанд чухал нөлөөлдөг. Тиймээс манай улс Гадаадын хөрөнгө оруулалт тухай хуулийг шинэчилж байна. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт нь:

  • Шинээр хөрөнгө оруулалт татах,
  • Нэгэнтээ орж ирсэн хөрөнгө оруулалтын тогтвортой үйл ажиллагааг хангах гэсэн хоёр зүйлд чиглэж буйг тодотголоо.
Энэ оны эхний 8 сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 0.8 тэрбум ам.долларт хүрээд байна.

 


Related news