ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Б.Чойдог: Аймгийнхаа иргэдийг эрүүл, шинэ өндгөөр хангасаар байх болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-22 11:16:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь дотоодын үйлдвэрлэлээрээ нийт хүн амын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг 100 хувь буюу 40.9 мян.тн мах, махан бүтээгдэхүүн, 35.3 мян.тн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.


Харин гурилын 11.5 хувийг буюу 0.32 мян.тн гурил үйлдвэрлэдэг. Талх, гурилан бүтээгдэхүүний 40 хувийг, төмсний 57, хүнсний ногооны 2.3 хувийг, жимс, жимсгэний 0.5 хувийг, өндөгний 10 хувийг тус тус дотоодын үйлдвэрлэлээрээ хангаж байна.


Аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас долоо хоног бүр хүнсний нөөцийн судалгаа авдаг. Өргөн хэрэглээний 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дотор өндөг багтана. Архангай аймгийн хэмжээнд өдөрт 1,56 тн буюу 31200 ширхэг өндөг хэрэгцээтэй байдаг бөгөөд аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд өдөрт 0.34 тн буюу 6800 ширхэг өндөгний хэрэгцээ бий.


Иргэдийн хэрэглээг тандах зорилгоор өндгийг ямар давтамжтайгаар, яаж худалдан авдаг талаар сонирхон гудамж талбайд тааралдсан 30 гаруй хүнээс асуухад ихэнх нь сардаа нэг удаа сагсаар нь буюу 30 ширхэгээр нь, заримдаа ч авч чаддаггүй тухай өгүүлэв. Цөөн хэд нь 10 ширхэгээр 1-2 удаа авдаг гэж хариулж байна.


Аймгийн төвөөс Улаанбаатар руу гарах зам дагуу 5 км зайд, ойролцоогоор 4-5 метр өндөртэй байгалийн тогтоц бүхий налуу эрэг дор "Хүрэн шувуут" хэмээх шувууны аж ахуй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, Эрдэнэбулган сумын өндөгний хэрэглээг тодорхой хэмжээнд хангасаар даруй 5 жил орчим болжээ. 


"Хүрэн шувуут" шувууны аж ахуй нь аймгийн төв Эрдэнэбулган сумын иргэдийн өндөгний хэрэгцээний 50-60 хувийг хангаж байна. 




Анх сэтгэлийн хөөрлөөр энэ бизнес рүү орсныгоо шувууны аж ахуйн эзэн Б.Чойдог нуусангүй. Тэрбээр СУИС-ийн морин хуурчийн ангийг төгсөж, хөгжмийн боловсролтой болсон хэдий ч оюутны ширээнээс гарангуутаа буюу 2011 оноос том оврын машин барьж, хот хооронд явж эхэлжээ. Олон хүний, олон янзын ачаа тээвэр зөөдөг учраас хүмүүс юу хийж байна, би юу хийх вэ гэж суурин ажилтай болох хүсэлтэй Б.Чойдог эрэл хайгуул хийж эхэлсэн байна.


2015 онд үнээний фермерийн аж ахуйг нэлээд сонирхож байсан хэдий ч судалгаа хийх явцад олон бэрхшээлтэй тулах юм байна гээд няцаж. Удалгүй нэгэн лам ахынхаа санал болгосноор шувууны буюу өндөгний бизнес рүү ямар ч судалгаа, мэдлэггүйгээр эргэлт буцалтгүй орж, гэр бүлээрээ ажиллаж, судалж, хуучны муу байшингийн туурийг бүтэн болгож, шувуугаа оруулахаас эхлээд эхнэртэйгээ хамт бүхнийг эхнээс эхлүүлж, өсөж, хөгжиж, шувуу, өндөгний тухай мэдлэг мэдээллийг өдөр бүр хайж, шинэ мэдлэгийг олсоор, түгээсээр өнөөдрийн энэ түвшинд хүрээд байна.


Анхны сүргээсээ 2019 онд 180 ширхэг өндөг авч, эхнэрийн хамт гэр хорооллын болон төв доторх жижгэвтэр бүх дэлгүүрээр оржээ. Цөөн ширхэг учраас томоохон супермаркетууд руу ороогүй аж. Өндгийг аль ч дэлгүүр авсангүй. Худалдагч нар нь "Орос өндгөө зарна, орос өндөг сайн" гэсэн хандлагыг гаргажээ. Тийм учраас шинэ, эрүүл хүнс гэж ямар хүнсийг хэлдэг вэ, өндгийг ямар байвал шинэ, ямар байвал хуучин болох вэ зэргийг судалж, мэдлэг олж, өөрсдийн албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан түгээж эхэлжээ. Өндгөө ч хүргэлтээр борлуулж эхлэв. Санасныг бодвол хүмүүс хүргэлтээр авч эхэлж, сайшааж эхэлснийг эхнэр А.Мөнх-Эгшиг нь хэлж байв. 


Ингээд аж ахуйн нь үйл ажиллагаа өргөжин тэлсээр... Хэрэглэгч, худалдагч нарын хандлага ч өөрчлөгдсөөр "шинэ өндөг байна уу, авъя" гэж залгах нь олон болж. Одоо л шинэ, эрүүл хүнсний тухай мэдээлэлтэй болж байна гэж бэлтгэн нийлүүлэгчид тэдэнд талархаж суусан аж.


"Хүрэн шувуут" шувууны аж ахуй нь нь одоо орон нутагтаа л томд тооцогдох аж ахуй ба өнөөдрийн байдлаар 6000 тахиатай. Үүнээс 3000 өндөглөгч тахиа нь өдөр бүр өндөглөж, өглөө бүр 3000 орчим ширхэг шинэ өндгийг хэрэглэгчдийн гарт хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан хүргэж байна. Ирэх 10 дугаар сард дахиад залуу 3000 тахиа өндөглөж эхэлнэ хэмээн аж ахуйн эзэд ярилцах зуураа хэлж байв.


Эднийх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн нян судлалын хяналтын лабораторид улирал бүр, шаардлагатай бол хоёр сар тутамд өндгөө шинжилгээнд өгдөг ба шинжилгээ бүрийн хариу "эрүүл" байдаг байна.






Эрүүл хүнсний тухайд Архангай аймаг дахь

"Хүрэн шувуут" шувууны аж ахуйн эзэн Б.Чойдог ийнхүү ярьж байна.


-Тахиа ямар хугацаанд эрчимтэй өндөглөдөг вэ?

-Эрчимтэй үедээ 18 сар. Цаад тал нь хоёр жилийн турш эрчимтэй өндөглөдөг.


-Эрчимтэй өндөглөсний дараа нядалгаанд оруулдаг байх?

-Тэгнэ ээ. Манайх үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 4 сүрэг тахиа нядалсан байна. Хамгийн том нядалгаа нь нэг заал буюу 3000 тахиаг нядалж байлаа. Улаанбаатар хот руу шөлний тахиа болгож явуулсан.


Хүмүүсийн дунд эрүүл хүнс, эрүүл тахианы махны талаар ойлголт байдаггүй юм билээ. Бүр ихэнх нь буруу ойлголттой байдаг. Гаднаас орж ирж байгаа махны чиглэлийн тахианы мах нь маш зөөлөн, зажлах ч шаардлагагүй бутардаг шүү дээ. Энэ л мах зөв, эрүүл гэж боддог, бас хэрэглэдэг. Энэ буруу юм. 


Би нэг тооцоо хэлье. Тахиа өсгөе гэхээр дэгдээхэй авна. Нэг дэгдээхэй өөрөө 3500 төгрөг. Дэгдээхэйг том өндөглөгч болтол нь тэжээж өсгөхийн тулд нийт 4 сарыг өнгөрөөнө. Энэ хугацаанд өдөр бүр 120 гр тэжээл идэж, усаа ууна. Энэ зардлуудыг нэмсээр нэг тахиа ойролцоогоор 22000-23000 төгрөгийн хооронд бойжиж, нас биед хүрч байгаа юм. Амьдын жин нь 1.5-1.8 кг татна. Нядалбал 1 кг мах л болно. Ингээд бодохоор ямар ч нэмэлт гормоны бордоогүй тахианы 1 кг мах хорь гаруй мянган төгрөгт гарч байна. Энэ бол тахианы эрүүл мах, эрүүл хүнс болно. Уургийн агууламж маш өндөр, эрүүл цэвэр мах бол өндөглөгч шувууных шүү дээ.


Харин энэ цаг хугацаа, гарах зардлыг огцом багасгах үүднээс дэгдээхэйг маш хурдан өсгөх шаардлагатай болноо доо. Яг юу хэрэглэдгийг нь мэдэхгүй ч зөөлөн, том хэмжээтэй тахианы махнууд бол ноу хау гэдэг ч эрүүл хүнс биш юм гэдгийг л иргэд мэдээсэй.








-Хүнсний эрүүл, аюулгүй байдлын тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Өндөгний тухайд орон нутагт ямар нэг химийн орц найрлагагүй, байгалийн жамаараа тахиа өдөрт нэг л удаа өндөглөдөг, заал доторх дулаан, агаарын сэлгэлт, нянжилт зэргийг байх ёстой түвшинд нь бариад явж байгаа байгалийн эрүүл хүнс үйлдвэрлэгчдийн нэг бол манайх гэж хэлнэ. 1990 онд цөөхөн хүн өндөг хэрэглэдэг байсан бол өнөөдөр гурван хүн тутмын нэг нь өндөг идэж байна гэсэн сонирхолтой судалгаа байдаг юм билээ.


Өндөгний хэрэглээ сүүлийн үед маш их болж байгаа. Хэрэглээгээ дагаад үйлдвэрээ, аж ахуйгаа илүү өргөжүүлнэ. Цаашлаад тахианы тэжээлийн үйлдвэр барихаар ярьж байна.


Бид дөнгөж эхэлж байхдаа 1 тн тэжээлийг 1070.000 төгрөгөөр авдаг байлаа. Өнөөдөр дэгдээхэйний 1 тн тэжээл 1870.000, өндөглөгч шувууных 1470.000 болсон. Маш өндөр өртөгтэй. Нэг шувуунд 120 гр, тэгээд нэг заалны 3000 шувуу сардаа 10 тн тэжээл, хоёр заал нийлээд сардаа 32 сая төгрөгийн тэжээл идэж байна.


Гэсэн хэдий ч энэ аж ахуйгаа орхихгүйгээр хөгжүүлж, өргөжүүлж эрүүл хүнс, эрүүл, шинэ өндгийг өдөр бүр Архангайнхандаа түгээсээр байх болно. Цаашдаа аймгийн төв, 18 сумыг бүрэн хангаад зогсохгүй баруун бүсийн аймаг, сумдыг өндгөөр хангана гэсэн

алсын хараа, зорилго тавьсан байгаа.




-Одоо өндгөө хаагуур борлуулж байна вэ?

-Яг аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд гэвэл бид 50-60 хувийг ханган ажиллахаар байгаа. Одоо сүрэг сэлбэлт хийж байна. Ирэх 10 сараас залуу 3000 тахиа өндөглөж эхэлнэ. Тэгэхээр хоёр заалаас зэрэг өндөг аваад явчихвал Эрдэнэбулган сумыг 100 хувь өндгөөр хангах хүчин чадалтай болно. Өдөрт 5500 орчим өндөг гарна гэсэн үг.


Өнөөдрийн байдлаар Тариат, Эрдэнэмандал, Батцэнгэл, Цэнхэр, Хотонт, Ихтамир, Булган, Төвшрүүлэх зэрэг суманд өндгөө тодорхой хэмжээнд явуулж байна. Тариатын гэрээт борлуулагч цаашаа Хангай, Цахир сум руу явуулдаг юм билээ. Сумдаас гадна аймгийн төвийн талх, нарийн боовны үйлдвэр цехүүд, ресторан, хоолны газрууд гээд бүгд манайхаас өндгөө авч байгаа. Яагаад гэхээр тэд шинэ өндөг-эрүүл хүнс гэдгийг маш сайн ойлгочихсон хүмүүс шүү дээ. 


Өндөгний гадна талын ясархаг хальс нь маш олон тооны жижиг нүхтэй, түүгээрээ амьсгалж байдаг. Оросоос орж ирсэн том өндөг болон өнөөдрийн гарсан шинэ өндөг хоёрыг жинлэхэд шинэ өндөг нь илүү жин дардаг. Яагаад гэхээр амьсгалж буй тэр олон жижиг нүх сүвээрээ өндөг чийгшлээ алдан хатаж, жин багасдаг. Оростоо хэд хоносон өндөг Монголд бас хэд хонож орж ирдэг, ирсэн хойноо бас хэд хонож байгаа вэ гээд бодох хэрэгтэй. Бид эрүүл хүнсийг л зөв сонгож хэрэглэх нь чухал байгаа юм.


-Үйлдвэрээс нэг ширхэг өндөг хэдэн төгрөгөөр гарч байгаа вэ?

- 450 төгрөгөөр гарч байгаа. Нэг үеэ бодвол одоо "танай өндгийг авъя" гэж залгадаг болчихоод байгаа.


Залуу аж ахуйч Б.Чойдог, А.Мөнх-Эгшиг нар "Хүрэн шувуут" шувууны аж ахуйгаа олон улсын төсөл болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдан өргөжүүлж, өнөөдрийн байдлаар 22 метрийн урттай, 10 метр өргөн, 3,50 метр өндөртэй өндөглөгч тахианы хоёр заалтай болжээ.


Өндөглөгч болон өндөглөх тахианы хоёр заалны хэм нь 18-22 байх ба бүдэгдүү гэрэлд, агаар сэлгэлт маш сайн орчинд, дуслаар усаа уун идээшинэ. 6000 ширхэг тахиа өдөр бүр 3-4 удаа 120 гр тахианд зориулсан тэжээл иднэ. Хоол тэжээл сайн байх тусам өндөглөгч тахианууд эрүүл, сэргэлэн цовоо байх ба гарч буй өндөг нь эрүүл хүнс болдог байна.


Тэд орон нутгаас ямар ч дэмжлэг аваагүй ч орон нутгийн ард иргэдэд эрүүл хүнсийг түгээсээр байх болно гэдгээ бидэнтэй ярилцах зуураа онцлон дурдаж байлаа. 



Related news