ДНБ 15.9 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-22 14:07:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 23 их наяд төгрөг болов.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2 (15.9 хувь) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 236.6 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. 


ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний хагас жилд 9 хувиар буурсан бол 2021 оны эхний хагас жилд 6.3, энэ оны эхний хагас жилд 1.9 хувиар нэмэгдлээ. Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны 2 дугаар улиралд өмнөх улирлынхаас 3.4 хувиар нэмэгдсэн байна. ДНБ, энэ оны эхний хагас жилд 1.9 хувийн өсөлтийн 1.8 нэгж хувийг хөдөө аж ахуй, -3.7 нэгж хувийг уул уурхай, олборлолтын, -0.1 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын, 2.2 нэгж хувийг үйлчилгээний, 1.7 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ.


Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 222.6 (11.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.8 нэгж хувиар нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 464.6 (28.8 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд нүүрс олборлолт 44, газрын тосны олборлолт 97.5, зэсийн баяжмал 16.3 хувиар буурсан нь нөлөөлжээ.


Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.2 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд барилгын салбарын нэмэгдэл өртөг 8.7, боловсруулах салбарынх 2.2 хувиар буурсан нь нөлөөлжээ. Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд 6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 277.2 (4.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 12.2, мэдээлэл, холбооны салбарын нэмэгдэл өртөг 12.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. 

Related news