ХОВД: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалт хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-12 12:54:42

Ховд /МОНЦАМЭ/. Манай орны газар тариалангийн салбар нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амыг хүнсээр, хөнгөн аж үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг. 

Монгол Улсын баруун бүс нутагт орших Ховд аймагт төмс, хүнсний ногооноос гадна жимс жимсгэнэ тариалалт эрчимжиж байна.     

Одоогийн байдлаар 1500 гаруй өрхийн 3500 орчим тариаланч ажиллаж төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг  бүрэн хангаж, жимс жимсгэнэ бусад тариалалтыг зохих түвшинд хөгжүүлж байна.

Орон нутгийн нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж импортыг бууруулж экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, шинэ, дэвшилтэд технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг цогцлоон хөгжүүлэх зорилтын дагуу тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн ажил тусгажээ.     

Ховдынхон эрт үеэс хүнсний ногоо тарьдагаараа алдартай. Ховдын шар төмс, тарвас, амтат гуаг Монголд мэдэхгүй хүн ховор. Гэвч  зөвхөн төмс, хүнсний ногоо, тарвас тарихаар тарьсан ногооных нь үнэ буурч, зарим жил ашиг орлогогүй болдог гашуун сургамж бий.  

Үүнийг шийдэх, цаашлаад ногоочид тариаланчдынхаа орлогыг нэмэгдүүлж, амьдралыг сайжруулах гэж “Ховд Агро парк”-ийг байгуулж, сүүлийн жилүүдэд жимс жимсгэнэ тариарай, тэжээлийн ургамал тариарай гэх уриалга гарган төрийн бодлогоор дэмжиж эхэллээ.

Одоо Ховд аймгийн нутагт төмс, хүнсний ногоо, нарийн ногооноос гадна бэсрэг улаан, ногоон алим, тоор, лийр, үрэл, үхрийн нүд, чацаргана зэрэг олон төрлийн жимс ургаж байна.    

“Жимс жимсгэнэ таривал:  төмс, хүнсний ногоо тарьсанаас хамгийн багадаа 10 дахин их орлого олно. Монголчууд гадаад орноос авч ирсэн, удаан хадгалагдсан, юугаар бордож ургуулсан нь үл мэдэгдэх эрсдэлтэй жимс жимсгэнэ биш эх орны эрүүл хөрсөнд ургасан шинэхэн органик \эко\ жимсээ иддэг болно. Гаднаас жимс авахгүй байхын хэрээр валютын нөөцөө хэмнэж, ханшийг нь хазаарлахад нэмэр тустай.  Төр, засаг баялаг бүтээж байгаа ийм л хүмүүсээ илүү их дэмжмээр байна” гэж орон нутгийн зарим иргэд хэллээ.  

 

                        Газар тариалангийн салбарын нэг төлөөлөл бол "Арван улиас" ХХК  


Ховд аймгийн "Арван улиас" ХХК-ийн захирал Ц.Баянжаргалын танилцуулснаар 2 га газарт төмс, хүнсний ногоо тариалдаг.

2004 онд хоршоо хэлбэрээр анх байгуулагдаж, 2017 оноос эхлэн компани болж өргөжин ажиллаж байна.

Одоогоор байцаа, лооль, сонгино, лууван, шош, хаш, чинжүү, хулуу, яншуй, наран цэцэг, төмс, гүнждийн үр, үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг 20 гаруй нэр төрлийн тариалалт хийж, Ховд аймаг болон Улаанбаатар хот, зэргэлдээ аймгуудад худалдаж буй.  

Жилд дунджаар 20 тонн ургац хураан авдаг бөгөөд энэ жилийн тухайд үндсэн ургац хураалтын ажил хараахан эхлээгүй, ногооны түүвэр хураалт хийж байна. Тогтмол 3-4 хүн ажилладаг гэлээ.

   

                                 Улаан лоолийн 13 нэр төрлийн сорт нутагшуулж, “Ховдын брэнд” болгожээ  


“Арван улиас” ХХК-ийн онцлог гэвэл, 13 нэр төрлийн улаан лооль тариалж, орон нутгийнхаа хөрсөнд нутагшуулжээ.

Энэхүү ажлыг анх тариаланч Н.Булгаа санаачилж, 13 нэр төрлийн улаан лоолийн шинэ сорт бий болгосон нь зөвхөн түүний  нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн болоод зогсохгүй Ховд аймгийн брэнд болсон. Өөрөөр хэлбэл, 2019 онд “Цайны зам” өв соёлын наадмын үзэсгэлэн худалдаанд оролцож, “Ховдын брэнд бүтээгдэхүүн” гэх шагнал хүртсэн гэж түүний охин, "Арван улиас" ХХК-ийн захирал Ц.Баянжаргал мэдээллээ.   

Ташрамд, Ховд аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” (PROGRES) төсөл, “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” хамтран зохион байгуулсан “Ногоон ажлын байр-Ногоон эдийн засаг” хөтөлбөрт "Арван улиас" ХХК-ийн захирал Ц.Баянжаргал хамрагдаж, 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж авчээ. Ингээд талбайн услалтын системийг сайжруулж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх газар тариалангийн зориулалттай багажуудтай болсон байна.

 

                      Булган сум жимс жимсгэнэ тариалалтаар тэргүүлж байна


Анх 1959 онд Ховд аймгийн Булган суманд жимсний тариалалт хийж, 30 гаруй сортыг амжилттай нутагшуулжээ.

Социализмын үед Монгол орон даяар алим тарьж, нутагшуулах чиглэлээр ажилласан олон газар байсан. Үүнээс алим тариалах уламжлалыг хадгалж үлдсэн бүс нутгийн нэг бол Булган сум юм. Өөрөөр хэлбэл, 1959 онд “Жимс ой турших станц” байгуулагдаж, Минжит булганы жимсний аж ахуй хэмээн орон даяар алдаршиж байв.

Тухайн үед Сэлэнгэ аймгийн Шаамарын жимс ногооны аж ахуйгаас алимны олон төрлийн суулгац авч ирж, эрдэм шинжилгээний ажил хийж тариалсан нь эдүгээ 60 гаруй жил нутагшин ургаж буй юм. 

Булган суманд торниун буюу том алимны дөрвөөс таван сорт тариалдаг. Энэхүү сорт дундаас Монгол орны хөрсөнд дасан зохицож чадсан нутгийн брэнд болох “Минжит булган” сортыг гаргажээ.

“Минжит бупган” сортын давуу тал нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр ургац өгдөг. Ширхэг алим 190-200 гр жинтэй ба нэг модноос 50-60 кг жимс гардаг аж. Амт нь бусад сортынхоос онцгой. Харин бэсрэг болон давжаа алимны 10 орчим сорт бий.

Одоогийн байдлаар Булган сумын хэмжээнд 300 гаруй айл өрх, 10 орчим аж ахуйн нэгж жимсний тариалалт хийж байна.

Тэд  жил бүр  эко жимс \алим, слив, үрэл\ зах зээлд нийлүүлж ирсэн туршлагатай.  Энэ жилийн тухайд шинэ ургацын жимс жимсгэнэ наймдугаар сарын 11-ний өдрөөс худалдаанд гарч эхэллээ.  

Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын иргэн, Улсын аварга тариаланч Б.Төмөрбаатарын тарьж ургуулсан Минжит булган сорт”-ын бэсрэг алим наймдугаар сарын 11-ний өдрийн 13:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод зарагдаж байгаа тухай цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Тус сумынхан "Булган жимс жимсгэнэ агро парк" байгуулж ашиглалтад оруулсан. Бас "Жимс жимсгэнэ" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ өрх бүрт жимсний мод тариалах санаачлага амжилттай өрнөж, энэ жил мөн жимсний модны тоо хэмжээг нэмэгдүүлжээ. Ховд аймгийн бусад суманд мөн жимсний мод тариалах ажил өрнөж буй.

 

Related news