ГОВЬ-АЛТАЙ: Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-10 13:58:08

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих туршилт, судалгааны ажлууд хийж байна.

Говь-Алтай аймгийн хөгжүүлэх 2021-2025 оны 5 жилийн үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тэр дундаа махны чиглэлийн хонь үржүүлэх суурийг бэлтгэх зорилгоор гурван төрлийн туршилт судалгааны ажил хийж байна. 


Энэхүү ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн  Дэлүүн сумаас Керей үүлдрийн 50 тоо толгой эм төлөг худалдан авч, аймгийн Хөдөө Аж ахуйн газарт хүлээлгэн өглөө. Тус керей үүлдрийн эм төлгүүдийг цэвэр Эделбай үүлдрийн хуцтай нийлүүлэгт оруулж махны чиглэлээр хонь үржүүлэх туршилтын ажлыг хийх юм. 


Мөн энэ оноос эхлэн эр хурганд битүү хөнгөлгөөний аргыг туршиж байна. Зуны тэргүүн сарын шинийн гуравны өдөр малчин өрх бүр хурга, ишгээ хөнгөлдөг  уламжлалтай. Үүний нэг шалтгаан нь өтөж, шархлахаас сэргийлэх байсан юм. Харин битүү хөнгөлгөөний арга нь ил шархгүйгээр, зориулалтын бахиар малын үрийн сувгийг тасласнаар төмсөг нь хоёр сарын хугацаанд биед нь уураг болон шингэдэг учир уламжлалт аргаар хөнгөлсөн хурганаас илүүтэйгээр тарга тэвээрэг авч байна. Мөн зургаадугаар сард битүү хөнгөлгөөний аргаар хөнгөлсөн хурганаас долоодугаар сард тус аргаар хөнгөлсөн хурга хоёр кг-аар илүү байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржүүлгийн албаны мэргэжилтнүүд туршиж тогтоосон байна.


Цаашлаад малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах, өсвөр малыг 8 сарын хугацаанд маллаад бүдүүн эр хониноос авдагтай адил хэмжээний эдийн засгийн ашиг олох технологи боловсруулах зорилгоор махны үүлдрийн хонины аж ахуйг туршилтын журмаар хөгжүүлэх  эхлэлийг тавиад байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Related news