ХОВД: Наймдугаар сар бол Залуучуудын хөгжлийн сар

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-09 17:38:07

Ховд /МОНЦАМЭ/.  Мэргэжлийн байгууллагууд наймдугаар сарыг Залуучуудын хөгжлийн сар” хэмээн тодорхойлжээ.   

Иймээс Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ой, Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд өнөөдөр  Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарим залуу хосуудад “Гэрлэлтийн гэрчилгээ” гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.  


Энэхүү үйл ажиллагаанд хамтын амьдралаа эхлээд 1-7 жилийн хугацаа өнгөрсөн ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан долоон гэр бүл оролцож "Гэрлэлтийн гэрээ"-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.  


Энэ үеэр гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, залуу хосуудад амьдралын мартагдашгүй нандин дурсамжийг бий болгох зорилгоор Гэр бүлийн үнэт зүйл, Гэр бүл төлөвлөлт сэдвүүдээр сургалт зохион байгуулж, ийнхүү залуу хосууддаа хүндэтгэл үзүүллээ.   


Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Гэрлэх ёслолын танхим”-г 2021 онд бий болгож, тохижуулжээ. Түүнээс хойш 20 гаруй гэр бүл энэ танхимд ирж “гэрлэлтийн гэрчилгээ”-гээ гардан аваад байна. Энд уламжлалын дагуу хуримын зан үйл хийхээс гадна мэргэжлийн байгууллагууд залуу гэр бүлд чиглэсэн сургалт мэдээллийг давхар хүргэж байгаагаараа онцлогтой.    

Related news