АРХАНГАЙ: 4 сая төгрөгийн 110 ширхэг хүүхдийн ном хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-28 15:30:02

Архангай /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан хамтран Архангай аймгийн номын санчдад сургалт, мэдээлэл өглөө.

Сургалтад 26 номын санч хамрагдаж, номзүйн үйлчилгээ, цахим орчин дахь номзүйн үйлчилгээ, номын сангийн нэгдсэн систем, автоматжуулалт, прогамм хангамж зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл авч, арга зүйн зөвлөгөө зөвлөмж авлаа.

Сургалтын зорилго нь номын санч, мэргэжилтнүүдэд орчин үеийн нийтийн номын сангийн шилдэг туршлага, цахим үйлчилгээний сургалт явуулах, номын сангийн програмд шинжилгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн номын фондыг баяжуулах аж.

Сургалтын үеэр аймгийн хүүхдийн номын ордны фондод нийт 4 сая төгрөгийн 110 ширхэг хүүхдийн танин мэдэхүй, мэдлэгт зориулсан болон үлгэр, уран зохиол, хэлний номыг хандивласан юм. 


Архангай аймгийн Нийтийн номын сан нь нийт 110 мянга гаруй номтойгийн 16000 гаруй нь зөвхөн хүүхдэд зориулсан ном товхимол байдаг байна. 

Дээрх сургалтыг Австралийн ЭСЯ-ны Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх, Австралийн тэтгэлгийн төгсөгч, Үндэсний номын сангийн албаны дарга М.Даваасүрэн, номзүйч Б.Цогжаргал, Анагаах ухааны төв номын сангийн захирал З.Баярцэнгэл нар явууллаа.

Related news