АРХАНГАЙ: “Өвгөн Гэсэр лам” Ц.Чүлтэмжамц нь Энэтхэгийн 81 шидтэн дүвчингийн нэг байжээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-25 17:54:14

Архангай /МОНЦАМЭ/. Цахир сумын төвөөс баруун тийш 40 гаруй км зайд Содномдаржаа уулнаа Тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц болон түүний шавь аграмба Р.Санжаажав нарын бунхан бий. Энэ бунхан нь аймгийн түүх соёлын есөн гайхамшгийн нэг билээ.


1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд бясалгал хийж, гэгээрсэн хоёр хуврагийн лагшин бүхий шүтээнийг нууцаар шүтэж ирсэн түүхтэй. 2015 оны нэгдүгээр сард нууцалж байсан лагшин шүтээний нэг нь алдагдаж, энэ үеэс эхлэн хүмүүс 200 орчим жилийн түүхтэй хоёр хуврагийн талаар мэдэх болсон юм. Эдгээр хутагт лам нар эрдэм ухаанаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлага, өвчин зовлонгоос хамгаалж ирсэн гэдэг.

Алдагдсан шарил нь “Өвгөн Гэсэр лам” хэмээх нэрээр олны дунд өргөмжлөгдсөн Цэвээнраашийн Чүлтэмжамц хэмээх хувилгааны баруун гарын шавь, цорж, аграмба Р.Санжаажав болохыг тогтоожээ. Шарилыг Сонгинохайрхан дүүрэг дэх нэгэн айлын хашаанаас сарын дараа олж, сэргээн засварласан юм.


Архангай аймгийн Цахир сумын нутгийн зөвлөлийн дарга Т.Халтар: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн мэдэгдэлд “Шүтээнд MRI хийж үзэхэд уураг тархи нь хатаагүй байсан учраас бусад эрхтэнг шинжилж үзэх шаардлагагүй” гэжээ. Өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамцын лагшин шүтээн нь бурхан шашны хэлээр гүдэн гэгдэх бөгөөд одоогоор Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа байгаа юм. Энэ уул нь далайн түвшнээс дээш 2733 метрийн өндөрт байрладаг, хадтай модтой аглаг сайхан газар билээ.


Аграмба Р.Санжаажавын гүдэнг сэргээн засаад анх байсан газар нь буюу Содномдаржаа уулнаа буцаан залав. Нутгийн хүмүүсийн яриагаар бол энэ нутагт ихээхэн хэмжээний цас ороход Содномдаржаа уулын орчин цасанд дарагддаггүй бол, өөр нэгэн жишээ нь 1960, 2000, 2002 онд уул бүхэлдээ түймэрт автахад багш, шавь хоёрын лагшин шүтээн байрлаж байсан газарт түймрийн гал оролгүй маш ойрхон хажуугаар нь өнгөрсөн байдаг гэнэ. Энэ мэт гайхшруулсан үйл явдал олон болдог тул сүсэгтнүүд тэднийг амьд бурхад хэмээн тахин шүтдэг байжээ.


Тус лагшин шүтээнүүдийг үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, байрлуулах дуганыг шинэчлэхэд зориулж улсаас төсөв гаргасан ба цаашид Итгэлт хамба, Иволгийн дацангийн хэмжээнд хүрэхүйц шашны цогцолбор болгон хөгжүүлэх аж.


Хувилгаан лам нарын бясалгалын тухай: Өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжаажав нарын лагшин нь бясалгалын (самади) түвшинд өөрсдийгөө занданшуулсан шарил шүтээн аж. Аграмба Р.Санжаажав насан өндөр болсон хойноо шавь нараасаа багшийнхаа дэргэд аваачихыг хүсчээ. Тэгээд аграмба ламтан “Таван мэдрэхүйг хаах бясалгал” хийж, өөрийгөө лагшин шүтээн болгосон байна. Энэ бясалгалыг бурхан шашны хэллэгээр “гогьнямба” гэдэг ба бясалгалыг хийснээр сэтгэл маш амгалан, ямар ч өвдөлт зовлон мэдрэхгүйгээр насан эцэслэж, лагшин шүтээн болдог байна.


Өвгөн Гэсэр лам Ц.Чүлтэмжамц: Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Энэтхэгийн 81 шидтэн дүвчингийн нэг, тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц нь эгэл бус хүн байжээ. Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхийн эх Халзанбүргэдэй (Очирхайрхан) уулын өвөр хормойд эрдэнийн бумба мэт товойх “Алтат толгой” хэмээх газарт 1816 онд мэндэлж, 80 гаруй наслаад 1894 онд жанч халжээ. Ламтан өндөр биетэй, алаг нүдтэй, ширвээ сахалтай, гонзгой бор царайтай хүн байсан гэдэг. Түүний ер бусын ид шид, увдисын талаар ам дамжин ярьсаар иржээ.


Чүлтэмжамц хүүг нялх байхад эцэг нь нас барсан тул эхийн хамт төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг бараадан Хөх нуур хэмээх газар суурьшжээ. Өсөж том болохын хэрээр адуу малтай ноцолдон, гэрийн ажилд туслан, бусад үед нь Тариатын хүрээнд шавилан бурханы номонд шамдан суралцжээ. Хүрээнд шавилан сууж байхдаа ер бишийн болох нь мэдрэгдэж, номын багш нь олон удаа гайхан биширчээ. Нэгэн шөнө багш нь гэнэт сэртэл, “Чүлтэм чинь үхсэн хүн амилуулж, гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо, үүнийг нь болиул” гэж шивнэхийг сонсчээ.


Багш нь “Чүлтэм чи байна уу” гээд гэрэл гаргаад босож очоод хартал, өшиглүүрэндээ (хонь ямааны арьс, хөвөнтэй эдээр хийсэн аяны хөнжил маягийн уут) дээлээ хийгээд, хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн байсан нь өөрөө шажигнан эргэж байв гэнэ. Багш нь суун тусан залбирч, би ямар заяагаар ийм ид шидтэнтэй учирав аа гэж бодоод, өөрөө эргэлдэж буй эрихнээс нь адис авч, орондоо ороод нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр дөнгөж цайх үед, хаалганы оньс нь өөрөө мултраад Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд, ор руугаа орчихож гэнэ.


Үүр гэгээрэнгүүт багш нь босоод галаа түлэх гэтэл Чүлтэм “багш аа, би түлье, та яахав” гэж хэлтэл, багш нь“үгүй ээ зүгээр, багш нь өөрөө түлье, өнөөдрөөс эхлээд чи миний багш, би чамд ном заана гэж юу байхав, надад чи адис тавь” гэжээ.

Чүлтэм “яалаа гэж би номынхоо багшид адис тавих билээ” гэхэд багш нь “чиний ид шидийг олон удаа үзэж харлаа. Чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ. Ингээд багшдаа эрхээрээ адис тавьж өгөөд ид шид нь тодорсон хүү шуумаазаа (Унаа малд юм тэгнэж ачих том уут сав) мөрөн дээрээ тавьж, номын мөр хөөн хүссэн газартаа явдаг болжээ. Тэр цагаас хойш Чүлтэмжамц хүүг хот саахалтаараа байтугай хотол олноороо хүндэтгэн хүрээлж, эгэл бусын гайхамшгийг нь хөхиүлэн дэмжих болжээ. 1842 онд Гэсэр сүмд “Урт үүлэн” хэмээх Гэсэр цамын хатуу сорыг Манжийн хааны зөвшөөрлөөр анх цүглэсэн (үүсгэн байгуулсан) бөгөөд энэ үйлсэд Чүлтэмжамц гэвш гол үүрэг гүйцэтгэсэн тул тэрбээр сүсэгтэн олноос “Үүл унадаг өвгөн Гэсэр лам” хэмээх алдрыг хүртсэн байна.


Нэгэн өдөр Гэсэр ламтан “Дархадын бөө намайг үзэлцэе” гээд дуудаад байх юм хэмээгээд хоёр шавиа дагуулаад Эгийн даваа руу явжээ. Хоёр шавь гэдэг нь Санжаажав аграмба, Лүнрэг Дандар оточ хоёр байсан гэж үздэг. Эгийн даваанд хүрч очтол цахилгаан цахилж, ширүүн бороо асгаран үер буугаад тэр хавийн уул ус хилэгнэж байв гэнэ. Гэсэр ламтан хоёр шавиараа даруйхан гурилан хүн хийлгээд, хийлгэсэн хүнээ дээш доош нь харуулж элдэвлээд, тарни уншаад байж гэнэ. Тэгтэл уулнаас бууж буй үерийн ус тэр гурвын жодгорынх нь (Аяны явган майхан, бадарчны майхан) хоёр талаар оволзон урсаж байгаад удалгүй намджээ. Гэсэр лам хоёр шавьдаа “энэ лянгийг (гурилаар хийсэн хүн) биеийг нь эвдэлгүй эргүүлж тойруулж байгаарай. Одоо хүмүүс ирээд намайг аваад явна” гэжээ. Төд удалгүй баахан хүмүүс ирээд “манай зайрангийн бие нь муудаад янз янз болоод байна, та л очиж аргал” гэцгээжээ. Очтол дархад зайран нумраад татчихсан амьсгал хураадгийн даваан дээр байж гэнэ. Гэсэр ламтан тарни номоо унштал зүгээр болчихож гэнэ. Энэ үед хоёр шавь нь манай багш одоо л очсон байгаа гээд гурилан хүнээ тэгшилж засаад тавьжээ. Гурилан хүний хөлийнх нь улыг ар дагзанд нь хүргэчихсэн учраас дархад бөө тийнхүү татсан байж гэнэ. Дараа өдөр нь дархад зайран Гэсэр ламд бууж өгсөн гэсэн домог яриа бий.


Мөн Далай чойнхор ванг Их Хүрээ явах гэтэл хойт Тэрхийн цагаан гол үерлээд явуулахгүй тарган морь, амбан шар голын усанд живж байж гэнэ. Гэсэр ламтныг дуудаж тарни уншуултал морины олом таталгүй гараад явчихсан гэдэг.


Тариатын хүрээний гол Зуу сүмийн мөнгөн цөгц хулгайд алдагдчихжээ. Гэсэр ламтан урьд даваагаар даваад явсан нэг бадарчин авсан юм байна. Даваан дээр нь нохойн дүрстэй лянга хийгээд туу туу гэж хэлээд булчихаарай гэжээ. Тэгтэл нөгөө бадарчин нохойд туугдан хөөгдсөөр цөгцөө барьчихсан буцаад ирсэн аж.


Нутагт нь малын боом өвчин гарсанд Гэсэр ламтан “боомтой малын мах аваад ир” гээд авчирсан махыг нь ганцаараа чанаж идээд боом өвчнийг дарсан... гэх мэтээр Гэсэр ламтны шид авъяасын тухай яриа нутгийн ардын дунд их байдаг ажээ.


Энэ мэргэн тойн лам бол уламжлалт анагаах ухаан, тарнийн буюу тантра ухааны төв халхын томоохон төлөөлөгч хүн юм. Гэсэр ламын олон шавь нар дотроос Дорно дахины анагаах ухааныг өөрийн орны хүн, амьтан, ургамалтай холбон судалж, өөрсдийн онцлогт тохирсон эм, эмчилгээний аргыг боловсруулж, уламжлалт анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн их эрдэмтэн, маарамба Лүнрэг Дандар, Аграмба Санжаажав зэрэг хүн түүхэнд мөнхрөн үлдэж, бүтээлүүд нь Монголдоо төдийгүй Энэтхэг, Түвдэд өргөн дэлгэрч, одоо хүртэл хэрэглэгдэж байна.


Гэсэр ламын гэрээслэл: Шавь нар нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа өөрийнх нь гэрээсэлсэн ёсоор Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрханы Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дунд сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулжээ. Тэрбээр “би тэнд улаан албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр сууж байя. Тэгэх аваас энэ нутаг усныханд аюултай өвчин тахал, зовлон гачаал тохиохгүй, идэж уух нь элбэг амгалантай буй” хэмээжээ. Хожим Гэсэр ламын гарын шавь Аграмба Санжжав ламтныг дэргэд нь бунхалсан нь өнөө хүртэл нар, салхи, бороо цасанд гандаж элэгдээгүй мөнхрөн оршиж байна.Занданшсан байдлыг харахад нас нөгчих цагаа болохоор өөрөө багшийнхаа өмнө очоод залбирч суугаад, тарнийн хүчээр тэр чигтээ занданшсан байдаг нь илт байдаг.


Гэсэр ламтан, Аграмба Санжаажав нар бясалгал хийж, газар тэнгэрийн орон зайн ертөнцийг холбосон тэр цэг нь хүмүүс амар хүрч очимгүй сүрлэг уулын орой биед юм. Олон газрын хагалбар, уулзвар байдалтай бөгөөд оюун санааны эрчим хүчний бөөгнөрөл байх шинжийг агуулсан ажээ. Эрт үеэс “газар лусын гүйдэлтэй” хэмээн нутгийнхан ярьдаг ба орон зай руугаа ойртож байгаа гадны ямарваа нэг нөлөөллийг мэдэрч хамгаалалт хийдэг бололтой уул уруу дөхөж очсон зарим хүний хөл нь тушигдаж урагш явах аргагүй болдог талтай. “Алтат толгой” гэсэн нэрнээс нь үзэхэд таталцлын хүчтэй өнгөт металууд байхыг үгүйсгэх аргагүй аж. Энэхүү Тарвагатайн нуруу болоод түүний салбар уулс нь Завхан, Хөвсгөл, Архангай аймгийг хамарсан заагт байх ба хоёр хуврагийн лагшин шүтээн энэ орон зайд амьд орших учиртай ажээ. Зарим шашин судлаач нар тарни зохицолтой энэ хангай нутгаас эрдэм чадалтай, билэг оюунаар гайхагдсан олон хутагт төрж байсан ба цаашид дахин төрөхийг үгүйсгэх аргагүй хэмээн үздэг. Нутгийн өвгөн лам Раднаасүмбэрэлийн яриагаар бол, ийм орон зайд уул усны гүйдлийг тохируулж, оюунтай хүн төрөх учиртай. Далайчойнхор вангийн үед бурхан ухаантай уран дархчуул энд их төрж байсан. Дархан ухаан гэдэг нь харах нүд, урлах ухаан, гарын ур нэгдэж байж бүтдэг. Энэ нутагт бүтээсэн гайхамшигт ур хийцтэй, алтадсан, амьд хүч оршсон тарни шидтэй 30 гаруй Ямандаг бурхадын ихэнх нь гадагш гарсан гэсэн яриа бий. Завхан, Архангай аймгийн нутгуудаас алдартай олон хутагт хувилгаан шидтэй лам нар төрж байсан нь тэдгээр Ямандаг бурханы нууц тарнийн нөлөө байсан гэдэг.

Related news