ЗАВХАН: Жил бүр 1000 гаруй га-аас амжилттай ургац авч байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-19 17:12:43

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Асгат сум жил  бүр тариа тарьж тойргийнхоо сумдыг өвс тэжээлээр хангаж байна.

Газар тариалангийн чиглэлээр анх байгуулагдсан тус сум одоо эргэлтийн 17000 га талбайтай. Энэ талбайдаа жил бүр тариалалт хийж тойргийнхоо сумдыг үр тариа, өвс тэжээлээр хангаж буй. Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны харьяа одоогийн Завхан аймгийн Асгат сум буюу хууччуулын хэлдгээр Айван Тэс анх 1984 онд “Баянхайрханы ТАА” нэртэйгээр байгуулагдаж байв. Улмаар 1986 онд Асгат сум болон зохион байгуулагдсан түүхтэй. Завхан аймгийн хамгийн отгон сум бөгөөд хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ аймгийн 24 сумаас хамгийн бага сум.


Өнгөрсөн хавар 1200 орчим га-д тариа тарьжээ. Тойргийнхоо сумдыг өвс тэжээлээр хангахаас гадна, төмс, хүнсний ногоог энэ жил сумынхаа хэрэгцээг хангахуйц тариалсан. Хүнсний ногооны тариалалтын ажил усалгаа, тордлогоо сайтай байна. Ирэх намар арвин ургац хураан авах төлөвлөгөөтэй байгаа. Бид газар тариалангийн салбараа эрчимтэй дэмжин ажилласнаар жил бүр 1000 гаруй орчим га талбайд улаан буудай, овьёос, хөх тариа тариалж ургац амжилттай хурааж байна. 1992 оноос хойш манай сумын газар тариалангийн үйлдвэрлэл бүрэн зогссон байсан. 2010 онд газар тариалангаа сэргээж ”Баяндарь” ХХК-ийн салбарыг сумандаа байгуулж, анх 700 орчим га талбайд улаан буудай, хөх тариа тариалж эхэлсэн. Одоо тус компани арваад жил сум орон нутагтаа газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, амжилттай ургац хураан аваад байгаа. Түүнчлэн аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран өнгөрсөн жил, малчдын оролцоотойгоор 21 га талбайд ногоон тэжээл тариалж ургацаа хурааж авсан. “Аг цонж”, “МЦААН” ХХК-иуд гэхэд 270 орчим га талбайд үр тариа тарьсан байгаа. Мөн 2020 оноос “Аг цонж” ХХК-ийн хөрөнгөөр сумандаа хоногт 3-5 тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Энэ жил үүнийгээ ашиглан мөн тэжээл үйлдвэрлэх зорилготой байгаа. Ингэснээр манай сумын малчид сумандаа өвс, тэжээлээр бүрэн хангагдах боломжтой болно. Газар тариалангаа сэргээснээр өвөл, хаврын улиралд мал зудад ажрахгүй онд ороход эерэг нөлөө үзүүлж гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Related news