ЗАВХАН: Баяр амралтын өдрүүдээр 220 гаруй явуулын иргэд түргэн тусламжийн үйлчилгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-14 17:00:30

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт баяр амралтын өдрүүдээр амарч аялж зугаалж яваа 200 гаруй аялагчид яаралтай тусламжийн 103 төв дээр очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авчээ. 

Баяр амралтын өдрүүд буюу 07-р сарын 9-өөс 13-ний өдөр хүртэлх хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ойрын 78 дуудлага, алсын зургаан дуудлага ирсэн байна. Энэ жил аймгийн төвийн түргэн тусламжийн дуудлага харьцангуй бага, харин алсын дуудлагын дөрөв нь автомашины осол, гэмтэл, мориноос унасан гэсэн дуудлага байв. Алсын дөрвөн дуудлагын дагуу эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаж, анхан шатны тусламжийг үзүүлж, нийслэл Улаанбаатар хот руу тээвэрлэсэн байна.

Харин Завхан аймагт амарч, аялж яваа гадаадын болон, дотоодын жуулчид, явуулын 229 хүн аймгийн Яаралтай тусламжийн 103 төв дээр ирж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан байна. Эдгээр явуулын иргэд маань мориноос унаж гэмтсэн, ахуйн гэмтэл бэртэл авсан, гэдэс, ходоодны хямрал, нойр булчирхай өвдсөн. Хоолны хордлого, зүрх судасны өвчлөл, тархины цус харвалт гэх мэтчилэн эмгэгүүдээр 103-д хандаж, эмнэлгийн анхан шатны тусламжийг авчээ. Мөн аймгийн төв, сумуудаас ирж буй дуудлагуудын 80 гаруй хувь нь тархины цус харвалтын дуудлага байв. Явуулын зорчиж буй иргэдийн хувьд түргэн тусламжийн 90 гаруй хувь нь хоол боловсруулах эрхтний эмгэг, осол гэмтлийн тусламж байна. Иргэд амарч, аялж явахдаа хоол хүнсийг тохируулж, хэрэглээгүй, анхаарал болгоомжгүйгээс осол гэмтэлт өртөх нь их байна. Тиймээс аялал, амралтаар яваа үедээ хэрэглэж буй хоол хүнсний эрүүл ахуйн байдалд хяналт тавих, тохируулж тааруулж хэрэглэх, анхаарал болгоомжтой байх. Ялангуяа морь унахдаа болгоомжтой байх, автомашин жолоодож буй үедээ тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явахад анхаарах. Бага насны хүүхдүүд болон ахмад настнуудад тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна гэж аймгийн Яаралтай тусламжийн төвөөс мэдээлэв.   

Эмч, эмнэлгийн ажилчид баярын өдрүүдээр ачаалалттай ажиллажээ 

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, дунд мэргэжлийн ажилтнуудын хувьд баяр амралтын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.  

Эдгээр өдрүүдэд мэс засал, гэмтэл, эрчимт эмчилгээ, төрөх, сэргээн засах эмчилгээний эмч нар бэлэн байдалд ажиллалаа. Баярын өдрүүдээр өдөр бүр 103 яаралтай тусламжийн төв дээр нарийн мэргэжлийн таван эмч, 13 тасагт нийт 26 сувилагч, дунд мэргэжилтнүүд бэлэн байдалд ажилласан. Энэ үеэр аймгийн Амаржих газарт нийт 9 ээж төрж эх хүүхдийн биеийн байдал сайн, эдгээрээс дөрвөн эх хийсвэр хагалгаагаар төрсөн байна. Аймгийн Халдвартын эмнэлэгт ковидын халдвартай, бүртгэгдсэн хоёр хүн эмчлүүлж байна. Баяр амралтын өдрүүдээр сэхээний болон, осол гэмтлийн эмч нар ачаалалттай ажиллалаа. Ялангуяа яаралтай тусламжийн төвд өдөр бүр ачаалал их, өдөртөө 60 гаруй иргэн эрүүл мэндийн яаралтай тусламжийг авсан байна. Эдгээрийн 95 хувь нь явуулын, амарч, аялж яваа иргэд байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.  

Related news