ЗАВХАН: Малчид хонины ноосоо дэвшилтэт технологи ашиглан хяргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-01 16:56:47

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд дэвшилтэт технологи ашиглан хонины ноос хяргах, ангилан ялгах сургалтыг зохион байгуулж 15 малчин хамрагджээ.

Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь ENSURE төсөл, SHARE MONGOLIA ТББ-тай хамтран тав хоногийн сургалтыг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгуулжээ. Энэ талаарх мэдээллийг Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь /ENSURE/ төслийн Завхан аймгийн зохицуулагч Х.Цэгмидзаяагаас тодрууллаа.

-Дэвшилтэт технологи ашиглан хонины ноос хяргах, ангилан ялгах сургалтад зөвхөн Завхан аймгийн малчид хамрагдсан уу?

-“Дэвшилтэт технологи ашиглан хонины ноос хяргах, ангилан ялгах сургалт”-д төслийн зорилтот аймгуудын малчид хамрагдсан. Тухайлбал Баянхонгор аймгийн Баянцагаан, Говь-Алтай аймгийн Цогт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 15 малчин хамрагдсан.

Сургалтад оролцогчид Шинэ Зеландын хонь хяргах техникийг ашиглаж, технологийг нь сурахаас гадна хяргах машиныг ажиллуулах арга аргачлалд суралцлаа. Мөн малчид маань энэхүү дэвшилтэт технологийг ашигласнаар хонь хяргах бүтээмжээ нэмэгдүүлж, цагаа хэмнэх боломжтойг ч харлаа. Эдгээр малчид цаашид байнгын орлоготой байх боломжтой чадваруудыг ч эзэмшсэн. Оролцогчид сургалтаас эзэмшсэн чадвараа шалгуулж, амжилттай төгсөж сертификатаа гардан авсан. Энэхүү сургалтад хамрагдсан оролцогчдоос дөрвөн оролцогч нь хоёр дахь түвшний сертификатыг авсан байгаа.


-Уламжлалт технологиороо хонио хяргаж сурсан малчдын сэтгэгдэл ямар байв?

-Дэвшилтэт технологи ашиглан хонины ноос хяргах, ангилан ялгах сургалт нь цаг үеэ олсон үр дүнтэй сургалт болсныг оролцогчид хэлж байсан. Тухайлбал, сургалтад оролцсон, сонсгол, хэл ярианы  бэрхшээлтэй нэг залуу малчин “Хонь xяргаxад теxник их хэрэгтэй байдаг. Нуруу xэт өвдөх, чилэх байрлалаас хэрхэн сэргийлэх, хөлийн зогсолт нь хонио хөдөлгөөнгүй байлгахад ямар чухал үүрэгтэй болох зэрэг техникүүдийг сурсандаа баяртай байна” гэж сургалтын төгсгөлд илэрхийлж байсан нь энэ сургалтын хэрэгцээтэй, цагаа олсон сургалт болсныг илэрхийлж байв.

Түүнчлэн энэхүү сургалтад оролцогч, малчид дээрх төслийн бэлчээрийн менежментийг сайжруулах зорилтын хүрээнд байгуулсан малчны бүлгийн гишүүд байснаараа онцлог болов. Сургалтын үеэр хэрэглэсэн ноос хяргах машиныг ашиглан эдгээр малчид маань бүлгийн айлуудын ноосыг хяргах боломжтой болсон. Жил бүр, малчдын хонины ноосыг хяргах ажлыг хөнгөвчилсөн, ашиглахад хялбар байгаад нь оролцогчид сэтгэгдэл өндөр байлаа. Цаашид эдгээр гар машин нь сум бүрт хоёроос гурван ширхэг байвал илүү үр дүнтэй. Багаараа ажиллах боломж ч бүрдэх талаар малчид ярьж байв.


-Сургалтын үеэр ноосыг ангилан ялгах технологид малчид мөн суралцсан гэсэн?

-Тийм ээ. Сургалтын үеэр "Мон пеллетс" ХХК-аас өөрийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний танилцуулгыг хийж, тус үйлдвэрт малчид хэрхэн ноосоо нийлүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Тус үйлдвэр нь ноосоор бордоо хийдэг бөгөөд хаягдал ноосыг  үнэ тохирч авах боломжтой байгаа нь малчдын сонирхлыг татаж байв. Жил бүр малчид тодорхой хэмжээний ноосыг тушаадаг. Зарим жил ноосоо тушаахгүй өнжсөнөөр ноосны хаягдал ч их гардаг байна. Дээрх үйлдвэрт хаягдал ноосоо тушааж, малаас гарч буй түүхий эд бүрийг үр ашигтай зарцуулах боломжтой гэдгийг сонссон юм.

Мөн малчид сургалтын үеэр ноосыг хэрхэн ангилан ялгадаг технологи, аргыг сурсан. Ингэснээр өөрсдийн малаас гарсан ноосыг ялгаж, чанартай уртын ноосоо өндөр үнээр үйлдвэрүүдэд нийлүүлэх. Будагтай болон шороо, зунгагтай ноосыг тохирсон үнээр нь бордооны үйлдвэрт нийлүүлэх боломж байгаад ч сайшаалтай хандаж байна.  Цаашид төслийн зүгээс малчдын ялгасан чанартай ноосыг үйлдвэрт нийлүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллахаар болсон. Мөн ташрамд дуулгахад "Мон пеллетс" ХХК-ийн үйлдвэрлэж буй хонины ноосон бордоог уурхайн олборлолтын үйл ажиллагааны дараа нөхөн сэргээлтэд ашиглаж буй талаарх мэдээллийг малчдад өгсөн. Энэ компани маань дэлхийд анх удаа хонины ноосоор МАСС бордоо хийдэг үйлдвэр юм билээ.

-Танд баярлалаа. 


Related news