ДУНДГОВЬ: Ноён клуб, Хилчин спорт хорооны баг тамирчид тэргүүлэв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-30 15:29:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит 2022 оны өсвөр үеийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд Мандалговь хотноо амжилттай зохион байгууллаа. 

Тус тэмцээнд 19 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүргийн нийт 89 багийн 1200 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөж, шилдгүүдээ тодрууллаа.

Хөвгүүдийн төрөлд  Олон Улсын хэмжээний мастер Р.Тамираа дасгалжуулагчтай МУБИС Ноён клубийн баг тамирчид 1-р байр эзэлж, спортын мастер Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид, спортын мастер Ч.Туяацэцэг дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг тамирчид удаах байруудад шалгарав.

Харин охидын төрөлд 1-р байрыг спортын мастер С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай Хилчин спорт хорооны баг тамирчид, 2-р байрыг Олон Улсын хэмжээний мастер Х.Баянтуул дасгалжуулагчтай Говь-Алтай аймгийн баг тамирчид, 3-р байрыг мөн Олон Улсын хэмжээний мастер Г.Баярсайхан дасгалжуулагчтай Уурхайчин клубийн баг тамирчид эзэллээ.

Тэмцээний “Шилдэг холбогч”-оор Дорнод аймгийн тамирчин С.Мөнхжин, Говь-Алтай аймгийн тамирчин Э.Алтанзул, “Шилдэг довтлогч”-оор Сэлэнгэ аймгийн тамирчин Тэргэл Говь-Алтай аймгийн тамирчин Б.Бадамцэцэг, “Шилдэг хамгаалагч”-аар Сэлэнгэ аймгийн тамирчин А.Баттулга, Уурхайчин клубын тамирчин Б.Ундрал нар шалгарав.

Харин “Шилдэг тэгш тоглогч”–оор Ноён клубын тамирчин Мөнхбадрал, Хилчин спорт хорооны тамирчин Халиунзаяа нар тодорч, “Шилдэг дасгалжуулагч”-аар Ноён клубын дасгалжуулагч Р.Тамираа, Хилчин спорт хорооны дасгалжуулагч С.Дэлгэрмаа, “Шилдэг шүүгч”-ээр шүүгч Э.Энхмөрөннар шалгарлаа.

Түүнчлэн Уурхайчин клубийн тамирчин Г.Ганжигүүр, Хэнтий аймгийн тамирчин Чанцалсүрэн нар "Дооёо багш сан"-гийн нэрэмжит “Өсөх ирээдүйтэй тамирчин“ болжээ.

Related news