Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-29 14:39:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгов.


Хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилжээ. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарлисан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.


Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдаж буйн дээр уг Ерөнхий хэлэлцээрт багтаж буй аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртлэх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.  


Хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Х.Булгантуяа, П.Анужин, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гадаад өрийн хэмжээ, эргэн төлөх нөхцөл, боломжийн талаарх тооцоо судалгааны талаар мэдээлэл хүссэн. Тэрбээр зээлийн хүүд жилд хэчнээн төгрөг төлж байгааг тодруулаад, баяр наадмын өмнө их хэмжээний зээл гаднаас авах гэж байна гэсэн яриа үнэний ортой эсэхийг лавласан. 


Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариултдаа, "Монгол Улсын гадаад өр 33.8 тэрбум ам.доллар байгаагийн Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хийсэн өр төлбөрин хэмжээ 8.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс 5.8 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл нь 1991 оноос хойш авсан хөнгөлөлттэй зээлтэй холбоотой. Азийн хөгжлийн банкнаас 1991 оноос хойш 31 жилийн хугацаанд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс өрийн үлдэгдэл 1.8 тэрбум төгрөг байгааг тодотголоо. Мөн тэрбээр, Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрт 2016 онд 793 тэрбум төгрөг, 2017 онд 1,2 их наяд, 2018 онд нэг их наяд, 2019 онд 861 тэрбум, 2020 онд 932 тэрбум, 2021 онд 960 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 910 орчим тэрбум төгрөгийн төлбөр төлнө гэсэн тооцоололтой байгааг онцлоод БНХАУ-аас их хэмжээний зээл авах талаар Сангийн яам дээр яригдсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэв. 


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын чуулган болон Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаараа жилдээ нэг удаа Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүн, хэрэгжилтийг сонсдог болохын зэрэгцээ муу байгаа төслийн нэгжүүдийг татан буулгах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд зээл авсан тохиолдолд төсөл нэг бүрийн үр дүнгийн талаар тус Байнгын хороонд тайлагнах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.


Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, 2022-2023 оны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Related news