СЭЛЭНГЭ: “Хувьсгалын жимээр Сэлэнгэ-100 км” явган алхалтын аялал Сэлэнгэ нутгаас эхэллээ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-24 17:47:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ “Хувьсгалын жимээр Сэлэнгэ-100 км” явган алхалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сайханы хөтөл” хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас эхэллээ. Энэхүү алхалт нь Хангай бүсийн дунд зохиож байгаа бөгөөд Эрдэнэт, Дархан, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нийт 70-аад алхагч оролцож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын А/780 дугаар тушаалын дагуу хэрэгжүүлж буй эл үйл ажиллагааг өнгөрсөн хавар Монгол орны баруун бүсэд орших Завхан, Говь-Алтай, Баянхонгор болон Архангай аймгийн нутгаар амжилттай зохион байгуулсан байна. Энэ удаад Хангайн бүсийн 4 аймгийн явган алхагчдын дунд явуулсан санал асуулгаар Сэлэнгэ аймгийг сонгожээ. Ийнхүү Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй “Нэг аймаг-100 км” зуны алхалтын хөтөлбөр Ардын хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг, Сүхбаатар сумын нутагт үргэлжлэхээр өнөөдөр өглөө гараандаа гарлаа. Аяллын хөтөлбөр Сайхан хөтөл, Партизаны хөшөө, Хулан хатны хөшөө, Партизаны талбай, Тужийн нарсны цамхагт өндөрлөг, Тунамал нарс кэмп, Гүн нуур, Алтанбулаг хувьсгалчдын музей, Үдшийн үйл ажиллагаа, Галт тэрэгний аялал, Бусад хөтөлбөр зэрэг маршрутаар аялах аж. Алхалтын багийг Сэлэнгэ аймгийн Явган алхалтын холбооны тэргүүн Ц.Баярхүү ахалж байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хэрэгжиж буй орон нутаг дахь үйл ажиллагааны зохион байгуулагчаар Сэлэнгэ аймгийн ЭМГ, аймгийн Биеийн тамир спортын газар, Сэлэнгэ аймгийн явган алхалтын холбоо ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Алтанбулаг сумын ЗДТГ, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, “Сэлэнгийн Долгио” чуулга, Монголын явган алхалтын холбоо оролцож байна. Сэлэнгэ аймагт үргэлжлэх 100 км-ийн явган алхалт 3 өдөр 2 шөнийн маршруттай үргэлжлэх ажээ. 

Related news