Энэ сарын 19-нд нөхөн сонгууль явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-07 11:58:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн гурван сумын 4 тойрогт 5 мандатын төлөө аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль явуулахаар товлож, нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авав.

Тодруулбал, тус аймгийн Дэлгэрцогт сумын 1 (нэг мандаттай), Гурвансайхан сумын 2 (хоёр мандаттай),  Сайхан-Овоо сумын 1 (хоёр мандаттай), тойрогт 6 дугаар сарын 19-нд ийнхүү нөхөн сонгууль явуулахаар болж, сонгуульд өрсөлдөхөөр 2 намын 10 нэр дэвшигч бүртгүүлжээ.  

Аймгийн болон гурван сумын сонгуулийн хороо, хэсгийн хороог байгуулж, нийт 48 төрийн алба хаагч ажиллаж байгааг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тодорхойлдог.

Дундговь аймаг засаг захиргааны нэгжийн бүтцийн хувьд 15 сум, 66 багт хуваагддаг, 47542 хүн амтай. Хүн амын тоо, засаг захиргааны нэгжийн энэхүү бүтэц, хүн амын тооноос хамааран тус аймгийн ИТХ 35 суудалтай юм. 

Related news