Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-06 15:12:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Хэрэв олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн барих боломжтой гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.


Тэрбээр, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, тодорхой томъёолол гаргаж хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Хэлэлцүүлгийн хугацааг тодорхой шийдвэрлээгүй бөгөөд энэ зуны турш өрнүүлж, нарийн хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлагч нь төслийг санаачлах үеэсээ эхлээд эцэслэн батлах хүртэл төслөө олон нийтэд танилцуулах, тэдний саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтийн оролцоог хангах эрхтэй” гэж заасан. Үүнийг маш сайн баримтлах ёстой. Учир нь Үндсэн хуулийг олон нийтийн дэмжлэг, улс төрийн намуудын зөвшилцлийн дүнд гарах ёстой гэдэг зарчмыг өнөөдөр ярилцсан. Өнөөдрийн бүлгийн хурлаар тодорхой заалт огт яриагүй. Харин парламентын тогтолцоо, хүний эрхийг хангах, орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэдэг гурван асуудлын хүрээнд л ярьж байгаа. Үндсэндээ 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахад дутуу үлдээсэн зүйлсийг гүйцээх зорилготой” гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ олон нийтийн оролцоог хангасан байх ёстой. УИХ-д 16 намаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал, шаардлага ирүүлсэн. Тиймээс МАН-ын бүлэг улс төрийн намуудын шаардлагыг хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм” хэмээв.

Related news