Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Монголд албан ёсоор айлчилна гэдгийг дахин нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-06 13:02:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Монгол Улсад албан ёсоор айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга Збигнев Рау өнөөдөр бараалхав.


Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Польш улсын эртнээс уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр өргөжин тэлж байгааг сайшаан тэмдэглэж, хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө талууд идэвхтэй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.


Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, цаашид хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа болон ард түмэн хоорондын харилцааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, энэ хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн ажиллана гэлээ.


Цаашид талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад салбарт эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэв.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ намар Монгол Улсад албан ёсоор айлчилна гэдгийг дахин нотлов.

Related news