Үндэсний соёл амралтын хүрээлэнг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоол боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-04 16:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар зохион байгуулж байгаа нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндэсний соёл амралтын хүрээлэн бол Улаанбаатар хотын зүрхэнд байдаг цөөхөн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг. Хотын дарга тус цэцэрлэгт хүрээлэнг иргэддээ нээлттэй болгож, хашааг буулгаж, ногоон байгууламж байгуулах гэж байгаад баяртай байна. Нийслэлийн 120 сая мод тарих санаачилга бүтнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд үүнийг УИХ-ын бүх талаас дэмжинэ. Түр хороо санаачлан хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Тогтоолын төсөлд Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн болоод бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгаж өгнө. Ингэснээр газрыг зориулалтын бусаар хувьчилдаг байдал арилж, газар хамгаалалтад орох орчин бүрдэнэ. Хотын дарга иргэдэд ээлтэй санаачилга гаргаж байгаад нийслэлийн иргэд дэмжиж байгаа” хэмээлээ.


Мөн хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн  талаар танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг хийсэн. Маршалын гүүрний зүүн талын хэсэгт 5 га талбайг эзлэх тохижилтын ажлыг төлөвлөж, зураг төсөл нь гарсан байгаа. Тухайлбал, явган зам, ногоон байгууламжийг нэмэх, иргэдийн амарч зугаалах талбай, дугуйн замын шийдлүүдийг багтаасан. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл цаашдаа үргэлжлээд явах бололцоотой. Түүнчлэн нийтийн эдэлбэр газрыг сайжруулах арга хэмжээний хүрээнд гарааш, хашаа, хайс чөлөөлөх, тохижуулах зэрэг олон ажлыг хийж байна. Тухайлбал, чөлөөлсөн байршлуудад давхар авто зогсоол, газар доорх гараашийн тохижилтын шийдлүүд гарсан. Тохижилт хийх байршлуудад зураг төслийн ажил хийж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт 35 га газрын 85 хувь нь ногоон байгууламж болно. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийх юм” гэлээ.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хотын тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт, дүүрэг бүрд хэрэгжүүлж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайс буулган тохижуулсан ажлын талаар танилцууллаа. Тэрбээр  “2022 онд хэрэгжих 59 төсөл байгаа. Хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дунджаар 9 ам метр гэж заасан. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-24 ам метр байдаг. Манай хотын хувьд ойролцоогоор 5.5 ам метр байгаа. Усан сан буюу хиймэл нуур барьж байгуулах, ай савууд дээр усан цөөрмийг бий болговол агаар, усны бохирдол, тоосжилтыг багасгаж, чийгшил нэмэгдэх хэрээр ногоон байгууламж, ойжуулалтад таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаргын усыг цуглуулж нуур, цөөрөм бий болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогцоор нь хэрэгжүүлэх шийдэл болно. Мөн гарааш, хашаа хайс, явган хүний замын хөдөлгөөнд саад учруулж буй объектыг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа” хэмээлээ. Түүнчлэн газар хийгээд мөнгө нь байх юм бол 10 давхар барилгыг нэг жилийн дотор барина. Харин мод арчилж ургуулахад багадаа 10 жил шаардлагатай" гэлээ.

Related news