Төсвийн боловсруулалт, хэрэгжилтэд иргэдийн оролцоо хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-06-02 16:32:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, олон нийт “Бидний төлсөн татвар юунд, хэрхэн яаж зарцуулагдаж байна” гэж олонтоо асуудаг. Энэ асуултыг иргэд зөвхөн нэг сувгаар буюу олон нийтийн байгууллага ТББ-уудаар дамжуулан тавьдаг.

Нэг жишээ дурдахад нефтийн бүтээгдэхүүний гол импортлогч компанийн нэг “Петровис” дэргэдээ төсвийн үйл ажиллагааг хянах ТББ байгуулан ажилладаг. Энэ нь иргэд болон ААН-үүд төсвийн үйл ажиллагаанд оролцож байгаагийн нэг хэлбэр юм. Гэхдээ ийм жишээ болон оролцооны суваг тун цөөн байна. Тодруулж хэлбэл, төсвийн үйл ажиллагаанд оролцох, хянах иргэдийн байдал тааруу байгааг өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас танилцуулсан “Төсвийн нээлттэй байдал-2021” судалгааны үеэр хөндөж байв.

Төр, засгаас төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс цахимжуулсан. Ингэснээр улсын төсвийн болон төрийн үйл ажиллагааны ил тод байдал сайжирч, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож байна. Монгол Улсын төсвийн ил тод байдал өмнөх судалгааны үеэс харьцангуй дээшилжээ. Гэсэн хэдий ч төсвийн боловсруулалт, хэрэгжилтэд иргэдийн оролцоо хангалтгүй байна.




Дээрх үзүүлэлтээр Монгол Улс олон улсын түвшинд авах 100 онооноос 13 оноо авчээ. Энэ нь засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй байгааг харуулж буйг шинжээч мэргэжилтнүүд хэлж байна. Төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог улам бүр, олон сувгаар хангах хэрэгтэй байгааг онцолж байна.

Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа нь Төсвийн нээлттэй байдлын судалгаанаас харагдлаа. Монгол Улсын төсвийн нээлттэй байдлын түвшний өөрчлөлт, 2006-2021 он

 



“Төсвийн нээлттэй байдал-2021” олон улсын судалгаа нь дэлхийн улс орнуудын төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо, төрийн хяналтын байгууллагуудын зүгээс төсөвт тавих хяналтын түвшинг үнэлдэг юм. Манай улс энэхүү судалгаанд 2006 оноос хамрагдаж, 8 дахь удаагаа оролцож байна.

Related news