Гашуунсухайт боомтын тээвэрлэлтийг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-10 14:20:46

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Гашуунсухайт боомтын тээвэрлэлтийг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дараах шийдвэрийг  гаргалаа. 


Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан боловч Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд өнөөдрийн байдлаар тус боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр экспортолсон нүүрсний хэмжээ 41.2 сая тонн байна.


Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолоор Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК-д ашиглуулах эрх олгосон. Тус газраас зориулалтын дагуу ашиглаагүй 5.3 га талбайг Хилийн боомтын захиргаанд буцаан шилжүүлж, уг хэсгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулахаар шийдвэрлэлээ.


Мөн “Оюу толгой” ХХК-ийн тусгай зориулалтын авто зам өдрийн 10-14 цагийн хооронд зэсийн баяжмал тээвэрлэхэд ашигладаг бөгөөд бусад цагт ачаалалгүй байдгийг харгалзан, уг замыг нүүрсний тээвэрлэлтийн зорилгоор ашиглах боломж бүрдүүлэв. Ингэснээр тус авто замаар хоногт дунджаар нүүрс тээврийн 1500 гаруй автомашин нэвтрүүлэх боломж бүрдэнэ.


Эдгээр ажлыг хэрэгжүүлснээр нүүрс тээврийн зохион байгуулалт сайжирч, хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэн, нүүрсний экспортын биет хэмжээ өснө гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

 

Related news