Тархинд нэвтэрч, хорт хавдрын эсийг устгадаг нано хэсгүүд бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-05-30 17:16:24

МОСКВА. /TASS/. АНУ-ын Мичиганы их сургуулийн биохимичид цусны эргэлтийн системээс тархинд нэвтэрч, эд эсэн дэх хорт хавдрын эсийг устгадаг шинэ төрлийн нано хэсгүүдийг бүтээсэн талаар тус их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Химийн эмчилгээ хязгаарлагдмал байдаг учир тархины хорт хавдрыг эмчлэхэд хүндрэлтэй байдаг байна. Маш цөөн тооны эм л тархины хорт хавдартай тэмцэхийн тулд цусны эргэлтийн систем ба төв мэдрэлийн тогтолцооны хоорондох физиологийн гистогематик саад тотгорыг давж чаддаг аж. 


Энэ саад тотгор нь зөвхөн жижиг молекулууд, дархлааны зарим төрлийн эсүүдийг л өөрөөрөө нэвтрүүлдэг өвөрмөц эд эс гэнэ. Харин Америкийн биохимичид хөндий органик нано хэсгүүдийг ашиглан түүгээр дамжуулан эмийг тархины эд эсэд хүргэх аргыг сэдэж олжээ.


"Эдгээр нано хэсгийг бүтээхээс өмнө хэн ч тархины эд эсэд эмийн молекулуудыг хүргэж чадаагүй. Бид тархины хавдраар шаналж буй олон өвчтөний амийг аварч, өвчнийг нь хөнгөвчлөх том нээлт хийсэн. Бид 30 жилийн турш үүнийг хийж чадаагүй” гэж Мичиганы их сургуулийн профессор Мария Кастро ярив.


Судлаачид хулгана дээр туршилт хийх явцад зүрх, элэг болон бусад эрхтнүүдийнх нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох нано эмчилгээний ямар нэгэн ноцтой гаж нөлөөг бүртгээгүй байна. Энэхүү туршилтыг амжилттай дуусгаснаар илүү том амьтдад ийм туршилт хийх, сайн дурынхны оролцоотойгоор эмнэлзүйн туршилт явуулах боломжтой болж байна гэж эрдэмтэд хэлжээ.



Related news