Европын холбоо, Монгол Улсын хоорондох худалдааны эргэлт 35 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-30 08:35:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өнгөрсөн амралтын өдөр Д.Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулав. Өдөрлөгт 70 орчим байгууллага оролцож, Европын холбооны гишүүн орнуудаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг олон нийт, иргэдэд танилцуулав. Тухайлбал, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих ТRAM төслийн хүрээнд байгуулсан чацарганы, гоо сайхны болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластеруудыг танилцуулав.




Өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, ГХЯ-ны Европын газрын захирал Г.Баттунгалаг нарын албаны хүмүүс оролцлоо. Өдөрлөгийг Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз нээж хэлэхдээ, Өдөрлөгөөр Европын холбооны гишүүн орнууд, боловсрол, соёлын байгууллагууд 70 асарт Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тухайн улсыг төлөөлөх бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа”-г онцлов.



Европын өдөрлөгөөр кластеруудыг танилцуулав.





Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өдөрлөгийн үеэр хэлж байв. ГХЯ-ны Европын газрын захирал Г.Баттунгалаг хэлэхдээ, “Европын холбоо нь  Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд бидний хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, экологи, худалдаа үйлчилгээний гэхчлэн бүхий л хүрээнд өргөжин тэлж байгаад таатай байна. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд цар тахлаас улбаалан  буурсан ч 2021 онд 35 хувиар өсөж, нийт худалдааны эргэлт 766.5 сая ам.доллар хүрсэн нь цар тахлын өмнөх үед дөхөж буй үзүүлэлт” гэдгийг тодотгов.




Өдөрлөгт ирсэн иргэд Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авав.



Related news