30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай дулааны станцын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-16 21:44:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт дулааны станц барих ажлыг өнөөдөр эхлүүллээ. БНСУ-ын 13 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй 30 Гкал/цаг-ийн хүчин чадалтай дулааны станцыг дагалдуулж, дулаан дамжуулах 11 төв, 9182 метр урт дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулна.

Уг ажлыг БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани 26 сарын хугацаатай барьж гүйцэтгэх бөгөөд 2024 оны 6 дугаар сард ашиглалтад оруулах юм. “Дулааны станцтай болсноор айл өрх, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдаж, ая тухтай нөхцөлд ажиллаж амьдрах, агаарын бохирдол буурах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна 100 гаруй хүнийг ажлын байраар хангана” гэдгийг УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд хэлж байлаа.

Тухайлбал, Арвайхээр хотын 28 уурын зуухыг татан буулгаснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна хэмээн үзэж байна. Үүгээр зогсохгүй Арвайхээр хот хаяа тэлж, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай хэлж байв.

Монгол Улс 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих 148 сая долларын зээлийг БНСУ-ын Засгийн газраас 40 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй авч байгаа аж. 

Related news