Мэрилин Монрогийн хөрөг хамгийн өндөр үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-05-10 11:20:41

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн поп-арт урлагийн сонгогдог зураач Энди Уорхолын бүтээл жүжигчин Мэрилин Монрогийн хөрөг даваа гарагт болсон дуудлага худалдаагаар 195.04 сая ам.долларын үнэ хүрч зарагдсан тухай “Christie's” ордон мэдээлжээ.


Уг хөрөг 195 сая ам.доллароор зарагдсан нь АНУ-ын аль нэгэн зураачийн дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй бүтээл, мөн XX зууны хамгийн үнэтэй зураг болж дээд амжилт тогтоолоо гэж "New York Times" сонин онцолсон байна. 


Холливудын дива Монрог цайвар оюу дэвсгэр дээр дүрсэлсэн “Shot Sage Blue Marilyn” хэмээх нэртэй хөргийг Уорхол 1964 онд буюу жүжигчин бүсгүйг нас барснаас хойш хоёр жилийн дараа торгон хэвлэлийн график ашиглан бүтээсэн бөгөөд Америкийн урлагийн бэлгэдлүүдийн нэг юм. Уг зургийн эцсийн үнэ нь түүнийг 200 сая ам.долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан шинжээчдийн хүлээлттэй бараг таарчээ. Хөргийг нийтдээ дөрвөн хүн худалдаж авахаар өрсөлдсөн бөгөөд дуудлага худалдааны ялагч нь армен гаралтай Америкийн арт урлагийн дилер Ларри Гагосян болсон байна.


Хөргийг худалдсанаас олсон бүх орлогыг хүүхдүүдэд туслах зорилготой Томас, Доррис Амманы буяны санг санхүүжүүлэхэд зориулна.

Related news