Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт 88.4 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-04 14:20:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төмөр замын бүтээн байгуулалтын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна.


Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 88.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг ЗТХЯ-наас танилцуулжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэл хамтран гүйцэтгэж байна.


Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам 76.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тус зам энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг холбох замын ажил 5.6 хувийн гүйцэтгэлтэй байна.


Өнгөрсөн сард эхэлсэн Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалт 6.1 хувийн гүйцэтгэлтэй байна.  


Богдхан төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлд гол замын урт 144.9 км, 29.6 сая шоо дөрвөлжин метр газар шорооны ажил, 14.6 км урт туннель, 4.77 км урт эстакадан гүүр, 135 байрлалд ус зайлуулах хоолой, 19 байрлалд гүүрийн байгууламж болон дөрвөн өртөө, зургаан зөрлөг барих зэрэг ажил тусчээ.


Харин Гашуунсухайт-Ганц мод төмөр замын бүтээн байгуулалтын талаар холбогдох албаныхан БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороотой хэлэлцээ хийж буйг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Уг хэлэлцээгээр боомтын төмөр замын шилжүүлэн ачих байгууламж, хөрөнгө оруулалт, нүүрсний худалдааг цогцоор нь шийдвэрлэх талаар хэлэлцэж буй аж.

Related news