ГХЯ-ны төлөөлөл Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны 4 дүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй тус яамны Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Л.Өлзийт, Тайландын Хаант Улсад суух Элчин сайд В.Оюу, Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа болон яамны холбогдох газар, нэгжийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн энэ сарын 20-22-нд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт ажиллалаа.
Томилолтын хугацаанд Сүхбаатар аймгийн Засаг дарга
М.Идэрбат, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших,
Засаг дарга Д.Аюурбунь, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нартай
уулзаж, аймаг орон нутагт гадаад хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй
асуудал, тэдгээрийг шийдвэрлэхэд Гадаад харилцааны яамнаас дэмжлэг үзүүлж,
хамтран ажиллах боломж, гарц шийдлийн талаар санал солилцов. Мөн энэ үеэр
орон нутгийн ЗДТГ, агентлагуудын удирдлагуудад
гадаад бодлогын нэгдмэл байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах
асуудал, дипломат ёслолын талаар сургалт зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг
өрнүүлэв.
Яамны төлөөлөл орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатар аймгийн сүүний үйлдвэр, “Цайртминерал” ХХК-ийн цайрын баяжуулах үйлдвэр, Дорнод аймаг дахь МУИС-ийн Зүүн бүсийн салбар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, “Дорнод бүсийн эрчим хүчний станц ТӨК”-ийн өргөтгөл, Хэнтий аймагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн цэвэрлэх байгууламж, Кувейтийн сангийн санхүүжилттэй “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай тус тус танилцлаа гэж ГХЯ-наас мэдээллээ.
