Такси үйлчилгээ эрхлэгчдэд шаардлага хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-14 20:41:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн онд тээврийн хөлс буюу үнэ нэмсэн. Учир нь шатахууны үнэ жил бүр, сүүлийн үед улирал тутам нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр дахин үнэ нэмсэн. Өглөөний 07:00 цагаас оройн 23:00 цаг хүртэлх хугацаанд 500 төгрөг, 23:00 цагаас хойш 1000 төгрөгөөр зорчигч тээвэрлэдэг байсан бол өнгөрсөн  оны наймдугаар сараас эхлэн дээрх цагт 1000 төгрөг 23:00 цагаас 2000 төгрөг болж нэмэгдсэн. Иймд иргэд үнэ нэмж болох ч бага насны болон сурагчдаас 500 төгрөг авч байх уриалга гаргасан юм.

Гэвч энэ нь төдийлэн биелэлээ олохгүй өдийг хүрсэн. Дархан сумын хэмжээнд бүртгэлтэй 3-4 такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй компанид 50 орчим жолооч бүртгэлтэй байдаг ч хувь иргэд түүнээс хэд дахин их бөгөөд зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явдаг. Тиймээс аймгийн ЗДТГ-аас такси үйлчилгээ эрхлэгчдэд шаардлага хүргүүлнэ гэж мэдэгдлээ. Учир нь хүйтэн, сэрүүн, цастай, бороотой, салхитай аль ч үед такси эрхлэгчид хүүхэд авахаас зайлсхийдэг гэж иргэд шүүмжлэлтэй ханддаг. Ийм ч учраас эцэг, эхчүүд уриалга дэвшүүлж 500 төгрөгөөр хүүхдүүд зорчих, түүнчлэн зөвхөн насан хүрэгчдийг тээвэрлэх бус хүүхдэд ч адилхан хандахыг уриаллаа. Аймгийн засаг дарга дээрх шаардлагыг холбогдох харьяа байгууллагуудад нь хүргүүлсэн, Удахгүй хэрэгжиж эхэлнэ гэв.

 

Related news