Гэмт хэргийг бууруулахад идэвхтэй ажилласан алба хаагч, иргэн, ААНБ-ыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-24 17:51:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажиллаж бусдыгаа хошуучилсан тэргүүний байгууллагыг тухайн оны эцэст алдаршуулдаг уламжлалтай. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өөрийн мэргэжлийн ур чадвараа дайчлан, манлайлан ажилласан тэргүүний албан байгууллага, албан хаагчдыг шагнан урамшуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа пүрэв гарагт боллоо.

2021 оны шилдгүүдэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Насанбат болон Зөвлөлийн гишүүд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Тэрбээр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд бусдыгаа тэргүүлсэн байгууллага, хамтарсан баг, ажилтан, иргэд та бүхэндээ баярлалаа. Цаашид иргэн бүрийн оролцоо, байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийг бид бууруулж чадна хэмээн онцлов.

Иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх санаачилгатай ажилласан Тэргүүний сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөр Г.Мөнхжаргал даргатай Шарын гол сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тэргүүний байгууллагаар Г.Бэхбат захиралтай “Номин бизнес клуб” ХХК, Тэргүүний төрийн бус байгууллагаар В.Цэнджав менежертэй "Дэлхийн зөн ОУБ-ын Дархан Хүүхдийн төлөөх Орон нутгийн төсөл", О.Ууганбаяр зохицуулагчтай “Гүүд Нэйборс” ОУТББ шалгарлаа.

Харин Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчид үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээ, зохион байгуулсан сургалт сурталчилгаагаар сайн ажилласан Тэргүүний хамтарсан багаар Б.Оюунчимэг ахлагчтай Дархан сумын 5 дугаар багийн Хамтарсан баг, Б.Нямбаяр ахлагчтай Дархан сумын 13 дүгээр багийн Хамтарсан багийн хамт олон тодорлоо.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өөрийн мэргэжлийн ур чадвараа дайчлан манлайлж ажилласан хууль хяналтын болон холбогдох байгууллагуудаас Тэргүүний ажилтнаар шалгарсан ажилтан, албан хаагчдыг урамшуулсан юм. Үүнд Прокурорын газрын хяналтын ахлах прокурор Э.Улаанаа, Цагдаагийн газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн А.Сэргэлэнбат, Цагдаагийн газрын Мөрдөгч Э.Золжаргал, Цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч М.Анхболд, Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч Ч.Одбаяр, Цагдаагийн газрын Жижүүрийн мөрдөгч Э.Ганзориг, Цагдаагийн газрын Хэсгийн байцаагч Б.Түвшинсанаа, Давж заалдах шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н. Нинжбадгар, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн Хамгаалалтын ажилтан У.Батбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Баянмөнх, Дархан сумын 7 дугаар багийн Нийгмийн ажилтан Ц.Амарзаяа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ч.Эрүүлсайхан нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Related news